УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ


Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс 1924 оны Анхдугаар Үндсэн хуулиар “Тус улсын харъяат ард түмэн эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” хэмээн тунхагласан нь  1940, 1960 оны үндсэн хуульд мөн адил хадгалагдаж, 1992 оны шинэ үндсэн хуульд ”хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” хэмээн шинэ утга агуулгаар баяжуулан хуульчилсан.

Монгол Улс нь 1995 онд Бээжин хотноо чуулсан дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас дэлхий дахинаа дэвшүүлсэн эмэгтэйчүүд, охидын эрхийн асуудал, нийгмийн хөгжил дэх жендэрийн тэгш оролцоо, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд хамтын түншлэл чухал үүрэгтэй гэдэг үзэл санааг хүлээн авч,  үндэсний хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хуульчлах, ялангуяа эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэхийг хуульчлан тусгасан. 

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах харилцааг зохицуулсан, түүний хэрэгжилтийг хангах механизмыг тусгасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуулийг баталсан. Тус хууль нь Ази, номхон далайн бүсэд бие даасан хуультай болсон анхдагч улсуудын нэг байсанг энд онцлон тэмдэглэе.

2015 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрт Жендэрийн тэгш байдлыг хангах зорилгыг дэвшүүлж, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх ашигт нийцүүлэн хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр тунхаглан баталсанг парламентын үйл ажиллагаанд тусган дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний 4 дүгээр зорилгод Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, сонгох, сонгогдох эрхийг бэхжүүлэх, хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн, бүх нийтэд хүртээмжтэй, ёс зүйтэй, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ гэж заасан. Ийнхүү хүний эрх, жендэрийн асуудлаар парламентэд өгсөн санал зөвлөмжийг цаашид анхаарч ажиллахаа илэрхийлж байна.

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо 2022 онд  “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх чиглэлээр өөрийн үнэлгээг зохион байгуулсан олон улс дахь анхны парламент болсон бол жендэрийн мэдрэмжийн асуудлаарх өөрийн үнэлгээг зохион байгуулсан 13 дахь парламент болсон онцлогтой юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллага болох   УИХ-ыг сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь бидний хамтын ололт, амжилт юм. Монгол Улсын Их Хурал Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш хууль тогтоомжид жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлж тусгаж, хуулийн зарчим, агуулгыг салбарын хуулиудад тусгахад томоохон ахиц дэвшил гаргаж байна.

Хүндэт зочид оо,

Цаашид Парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх төдийгүй судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй бөгөөд Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиуд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой нэгдмэл, салшгүй холбогдож байх учиртай.

Нийгмийн хөгжлийн орчин цагийн хэрэгцээ нь хувь хүний эрхийг хүндэтгэх, ялангуяа хүнийг аливаа хэлбэрээр алагчлан үзэх, түүний дотор хүйсээр алагчлах явдлыг арилгах буюу эрэгтэй, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш эрх, тэгш байдлыг тогтооход чиглэгдэх шаардлагатай. Иймд Үндсэн хуулийг дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёсыг  УИХ-ын танхимаас эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Төгсгөлд нь, Монгол Улсад жендэрийн тэгш байдлын асуудлаар идэвхтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон иргэний нийгмийн болоод төрийн бус, олон улсын байгууллагуудад талархлаа илэрхийлье. Бид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахын тулд амжилттай хэрэгжиж буй үйл ажиллагаа, сайн туршлагаа өргөжүүлэн дэлгэрүүлж, батжуулан ажиллахуйц ирээдүйг бүтээгч хамтын хүч байж чадна гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэнд ойн арга хэмжээнд өндөр амжилт хүсье.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРАНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭРГҮҮНИЙ АМИНД ХАЛДЖЭЭ 3 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН ЗЕНДАЯ НУУЦААР ГЭРЛЭСЭН ҮҮ? 3 цагийн өмнө
АЗИЙН ОРНУУД ИРАНЫ АСУУДЛААР БОЛГООМЖИЛСОН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
НАТО, ЕХ-НЫ ОРНУУД ИРАНЫ ТАЛААРХ БАЙР СУУРИА НЭГТГЭЖ ЧАДААГҮЙ БАЙНА 3 цагийн өмнө
ТРАМП: НАТО МАШ ТОМ АЛДАА ХИЙЖ БАЙНА 4 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН… 5 цагийн өмнө
"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО 5 цагийн өмнө
ДЭЛХИЙД МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ОЛГОДОГ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ Н… 7 цагийн өмнө
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР Х… 7 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР БОЛНО 8 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЧАТБОТ НЭВТРҮҮЛЛЭЭ Өчигдөр
КАБУЛЫН ЭМНЭЛЭГ ЦОХИЛТОД ӨРТӨН 400-ААД ХҮН АМИА АЛДЛАА Өчигдөр
“ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ” АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙД ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧЭЭ Өчигдөр
“МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА Өчигдөр
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ЗӨВШӨӨ… Өчигдөр
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА Өчигдөр
ЖУДОГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО Өчигдөр