Нью Иорк (CNN) Америкийн найруулагч Грета Гервигийн “Barbie” уран сайхны кино 7 сарын 21-нд нээлтээ хийснээс хойш кино урлагийн салбарын дээд амжилтуудыг эвдсээр байна.
“Barbie” дэлгэцэнд гарсан долоо хоногтоо л 155 сая ам долларын ашиг дотоодынхоо зах зээлээс олсон бөгөөд Г.Гервиг бие даан найруулсан уран бүтээлээрээ нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны эмэгтэй найруулагч болсон төдийгүй кино урлагийн түүхэнд ердөө 50 кино л энэ хэмжээний ашиг болсон байдгийн нэг нь болж чадсан юм. Уг кино өнгөрсөн долоо хоногт дотоодын зах зээлээс хамгийн их орлого олсон эмэгтэй найруулагч болсон тухай “Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлжээ.
“Exhibitor Relations” судалгааны фирмийн мэдээллээр, “Barbie” өнгөрсөн долоо хоногт 33.7 сая ам.долларын орлого олсноор дотоодын зах зээлээс олсон орлогын хэмжээ 526 сая ам.долларт хүрсэн байна. Дотоодын зах зээлээс 500 сая ам доллар олсон босгыг давахад “The Super Mario Bros. Movie”-д таван долоо хоног хэрэгтэй байсан бол “Barbie” 4 долоо хоногийн дотор хүрлээ.
Одоо Г.Гервиг бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их орлого олсон эмэгтэй найруулагч болохоор Америкийн найруулагч Женнифер Ли-тэй өрсөлдөж байна. Ж.Ли “Disney” компанийн “Frozen” хүүхэлдэйн киног Америкийн найруулагч Крис Бактай хамтран найруулсан билээ. Барби хүүхэлдэйн дүрийг Австралийн жүжигчин Марго Робби, Кений дүрийг Канадын жүжигчин Райан Гослинг нар бүтээсэн “Barbie” кино өдгөө дэлхийн зах зээлээс 1.2 тэрбум ам.долларын орлого олоод байна. Энэ амжилтаараа “Barbie” маань энэ жилийн дотоодын зах зээлд хамгийн их орлого олсон кино болох замдаа оржээ.