Өнөөдөр өглөө Израилийн нутгаас харвасан пуужингууд Ираны нутаг дэвсгэр дэх байнуудыг онож эхэлсэн тухай АНУ-ын батлан хамгаалахын эх сурвалжууд сая мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн Ираны төв бүсийн Исфахан мужид дэлбэрэлтүүд болж байгаа талаар тус улсын төв хэвлэл мэдээлсэн байна.
Уг мэдээнд дурдсанаас үзвэл Ираны хэд хэдэн хот агаарын орон зайгаа хааж, нислэгүүдийг зогсоожээ.
Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Иран улс Израилийн нутаг дэвсгэр рүү 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолж байсан юм.
Дөрөвдүгээр сарын 1-нд Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газарт нь агаараас довтолсны хариу арга хэмжээ гэж Тегераны эрх баригчид уг ажиллагаагаа тайлбарлаж байлаа.
Тэр үеэс хойш Иран улс Израилийн талаас ирж болзошгүй хариу цохилтод бэлдэж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байсан юм.
Дөнгөж өчигдөр Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахян CNN сувагт ярихдаа Израилийн зүгээс ирэх ямар ч хариу үйлдэлд “шуурхай бөгөөд хамгийн дээд түвшний арга хэмжээ” авахаа анхааруулж байсан байна.
Эх сурвалж: BBC