Ардчилсан намаас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр боллоо. Энэ нь хурал гэхээсээ илүү алдаа, оноогоо дэнсэлсэн дүгнэлтийн шинжтэй хурал боллоо. Тус хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэллээ. Сүүлийн хэдэн сарын үйл явцын хүрээнд 10-аад жилийн турш хаалттай байсан нам үүд хаалгаа нээлээ.
2016, 2020, 2024 онуудад Ардчилсан нам үүрэг гүйцэтгэгч нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо бүтэц, зохион байгуулалтын бүрэн шинэчлэл хийлээ.
Цаашид Ардчилсан нам бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллана. Нийт 12 бодлогын зөвлөлтэй байхаар болсон. Эдгээр зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах журмыг баталлаа. Мөн ганц жилийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ хэрхэн, ямар хүрээ хязгаарын дагуу тодруулах тухай дүрэм, журмаа боловсрууллаа. Түүнчлэн 24 сарын дараа болох Улсын их хурлын сонгуулийн нэр дэвшигчийг хэрхэн тодруулахтай холбоотой эрх зүйн баримт бичгээ мөн гаргасан. Ардчилсан намын дотоод цэгцрэлт үндсэндээ дууссан. Одоо гадагшаа чиглэсэн улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, улс төрийн машинаа шинэчлэн тордсон үйл явдал болж өнгөрлөө. Намын төлөөллийн төв байгууллага, аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний ойролцоогоор 70 хувь нь шинэ, залуу хүмүүсээс бүрдсэн. Тэдгээрийн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байна. Ардчилсан намд томоохон өөрчлөлтийн салхи орж ирлээ. Мөн салбар хариуцсан таван дэд даргыг сонгосон. Иргэдийн итгэлийг алдалгүй, бүрэн дүүрэн ажиллахад бид бэлэн боллоо.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт:
-Ардчилсан нам ард түмнээсээ эхтэй, зохион байгуулалттай, хийж чаддаг нам гэдгээ Монгол Улсад бүртгэлтэй 30 гаруй намд үлгэр жишээ болгон харуулж чадлаа. Бүтэн 4-5 сарын хугацаанд үргэлжилсэн шинэчлэл, бүртгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд аймаг, дүүргийн намын байгууллагуудаа шинэчлэн зохион байгуулж, Үндэсний бодлогын хороогоо сонгон, Их хурлаа хийж, Хяналтын ерөнхий хороогоо байгуулсан. Эдгээр ажлууд үе шаттайгаар хэрэгжиж, өчигдрийн хурлаар зохион байгуулалтын асуудлаа бүрэн шийдлээ. Ардчилсан нам бол олон ургалч үзлийг уралдуулдаг, нээлттэй, чөлөөтэй нам. Харин бид илүү цэгцтэй, зохион байгуулалттай нам болж чадлаа. Өнгөрсөн 36 жилийн түүхийг харахад ардчилал, тусгаар тогтнол, зах зээлийн эдийн засгийг дэмжсэн үзэл санааны үндсэн дээр байгуулагдсан олон намуудын нэгдлээс манай нам үүссэн. Ардчилсан нам хоёр дахь шинэ сэргэн мандалтаа эхлүүлж чадлаа.
Манай таван дэд дарга салбар салбараа төлөөлөн, улс эх орныхоо хөгжлийн бодлого, үзэл санааг илэрхийлэн ажиллана. Мөн онцлон хэлэхэд, эдгээр таван дэд дарга нь намын таван фракцыг төлөөлж байгаа нь бид үзэл санааныхаа төлөө эв нэгдэлтэйгээр нэгдэж чаддагаа харуулсан томоохон амжилт боллоо. Бидний өмнө хийх ажил олон байна. Удахгүй болох аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хэрхэн оролцох бодлогоо мөн боловсруулсан. Энэ сонгууль бол Ардчилсан намын сэргэлтийн дараах хамгийн эхний том сорилт гэж харж байна.