Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.22/ БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулав.

Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC-ийн удирдлагад тавилаа. Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцов.