Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороодод шилжүүлэв.
Дараа нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Хуулийн төсөлд хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан гэлээ.
Харин банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон төрийн байгууллага, албан газар, шашны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн, мэргэшсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлээс гүйцэтгэх боломжгүй, төрөөс нийтийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын салбарын хуулиар зохицуулна гэдгийг сайд онцлов.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэг аргачлалаар тооцохоор төсөлд тусгажээ.
Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, шүүхийн шийдвэр гарсан төлбөр барагдахааргүй болгох, эдийн засгийн харилцаан дахь итгэлцэлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай байна гэж үзжээ. Тиймээс хууль, эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлын ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах боломжтой болох аж.
Монгол Улсын шүүхээр 2004-2021 оны хооронд буюу 18 жилийн хугацаанд жилд дунджаар 15 хэрэг, нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг байна. Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүсэлтээр үүсдэг онцгой ажиллагааны хэсгээр зохицуулагддаг. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ба ердийн ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг тул дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг төсөлд нарийвчлан тусгажээ. Харин төсөлд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах юм байна.
Төслөөр төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэв.
Хуулийн төслийг баталснаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ. Тодруулбал, бизнес эрхлэх гэж буй хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, шаардлагатай тохиолдолд бизнесийг дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх байдлаар бизнес эрхлэгчийг дэмжих, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөрөнгө оруулалтыг ямар дарааллаар гаргуулж авах зэрэг асуудлыг тодорхой болгон, оролцогч талуудын ашиг сонирхолын тэнцвэрийг хангах, сайжруулах чиглэлд төслийг шинэчлэн боловсруулсан хэмээн сайд Х.Нямбаатар тэмдэглэсэн.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр банкнаас зээл авч зохиомлоор дампуурах асуудлын зохицуулалтын талаар, давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалсан эрсдэлийг тооцсон эсэх, хууль батлагдсанаар иргэд, хуулийн этгээдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх талаар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэрэг гүйцэтгэгчийг хэрхэн бэлтгэх, холимог хэлбэрээр дахин хөрөнгөжүүлэх асуудлыг тусгасан эсэх, хуулийн төслийн нэр оновчтой эсэх талаар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн нэр дампуурал гэсэн ойлголтыг бүрэн тодорхойлж чадах эсэх, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн түр хүндрэлд орсон этгээдийн асуудлыг энэ хуулиар хэрхэн зохицуулах талаар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин төлбөрийн чадваргүйдэлд орсон хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг төсөлд хэрхэн тусгасан, нэхэмжлэлийн шаардлага хангах дарааллын талаар, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлэхээс өмнө үүрэг гүйцэтгэгч этгээд үнэ цэн бүхий патент, үйл ажиллагааны зөвшөөрөл, биет болон биет бус хөрөнгөө бусдад шилжүүлж төлбөр төлөх үүргээс зайлсхийх асуудлын зохицуулалтын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлд шүүхийн процессын асуудлууд голчлон тусгагдсан тул Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төсөлд худалдааны талаарх эрх зүйн зохицуулалт дутуу тусгагдсаныг анхаарч, төслийн нэрийг дампуурлын тухай гэж өөрчлөн илүү өргөн агуулга, харилцааг зохицуулахад чиглүүлэх, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа банк, санхүүгийн салбарт чанаргүй активуудыг нэгтгэж, татан буулгадаг жишиг тогтохоос сэргийлэх, төрийн өмчит компаниуд энэ хуулийн зохицуулалтад хамаарахаар бол өмч хөрөнгийг нь үнэгүйдүүлэх, шамшигдуулахаас хамгаалах, нийтэд нээлттэй хувьцаат компаниудын төлбөрийн чадваргүйдлийн асуудал дээр нийтийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг тусгах, энэ талаарх бусад улс орнуудын туршлагыг судалж хэлэлцүүлгийн үед анхаарах, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа явагдаж байгаа этгээдтэй холбоотой зээлдэгч, хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах, төлбөрийн чадваргүйдэлд орсон этгээдийг үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх дараагийн боломжийг нээж өгөх, энэ хуулиар хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх замаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх гэсэн саналыг хэлжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ш. Адьшаа, Хөгжлийн банк ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авсан байдаг. Гэтэл ирээдүйд орлого олохгүй бол хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан бэ. Мөн шүүхийн шийдвэр гарчихаад байхад өр төлбөрөө барагдуулахгүй байгаа хүмүүс, ААН, төрийн өмчийн компаниудад ямар арга хэмжээ авах юм бэ гээд хуулийн төсөлтэй хамт олон хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааныг тодруулсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд сайд Х.Нямбаатар, 1997 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дампуурлын тухай хуулиар дампуурал, ААН-ийг татан буулгахтай холбоотой харилцааг түлхүү зохицуулсан байна. Энэ хуулийн төслөөр дэлхийн нийтийн жишгийг дагаж тухайн ААН-ийг төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх цогц харилцааг зохицуулахаар зорьсон.
Хуулийн гол зорилго бол тухайн хуулийн этгээдийг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоон дампууруулах биш санхүүгийн хүндрэлд орсон, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон хуулийн этгээдийг дэмжин дахин зохион байгуулах, бизнесийг нь сэргээх юм. Харин банкны харилцаа, банк бус санхүүгийн харилцаа, даатгалын харилцаа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг өөр өөрийнх нь салбарын хуулиар зохицуулна гэсэн хариулт өглөө.
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаад 45 хуульд өөрчлөлт оруулахаар байгаа бөгөөд энэ өөрчлөлт Дампуурлын тухай хуулийн нэрийг Төлбөрийн чадваргүйдлийн тухай гэж өөрчилсөнтэй холбоотойгоор орж ирсэн өөрчлөлтүүд гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Өөрөөс нь шалтгаалахгүй, ковид, дайн тулаан, бусад нөхцөлүүд бизнест маш том эрсдэлийг авчирч байна. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд олон ААН хаалгаа барилаа. Яалт үгүй дампуурч байгаа хүмүүс байна. Улс орны гол асуудал нь эрсдэл учирсан нэгнийг амиа хорлолт руу түлхэхгүйгээр аврах юм. Энэ бол зарчим.
Дампуурлын тухай хууль шаардлага хангахгүй болсноос сүүлийн 20, 30 жил зохиомлоор худлаа дампуурч, дампууруулж, залилан хийдэг, авлигаддаг, мөнгө угаадаг бүхэл бүтэн технологи бий болсон байна. Хамгийн анх “Төв Ази” нэртэй банк 1990-ээд оны үед дампуурч байсан. “Ард”, Сэргээн босголтын банк, хамгийн сүүлд “Капитал” банк байна. Өөрсдөө, танил талууддаа зээл аваад худлаа дампуураад, татвар төлөгчдөөр энэ хохирлыг төлүүлдэг, мэргэшсэн сүлжээ бий болсон байна. Тийм учраас энэ нүх сүвийг хаах шаардлагатай байсан юм. Энэ нүх сүвийг хаах ямар шинэлэг зохицуулалтуудыг төсөлд тусгасан бэ хэмээн асуусан.
Сайд Х.Нямбаатар, 1997 онд Дампуурлын тухай хууль батлагдаад гурван жилийн дараанаас л өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэсэн яриа гарч эхэлсэн. Сүүлийн дөрөв, таван жил бид ОУВС, Дэлхийн банкны зөвлөхүүдтэй, судлаачид, шүүгч нартай хамтарч хуулийн төслийг боловсруулсан. Мэдээж санаатайгаар дампуурах, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг луйвардах нь тусдаа гэмт хэрэг. Үүний ял, хариуцлагыг чангалах ёстой. Шалган шийдвэрлэх процесс ч хуулийн дагуу явна. Банкны дампуурлын харилцаа бол банкны хуулиар явж байгаа. Энэ хуулийн төсөл Монгол Улсын 200-гаад мянган хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамаатай юм. Гэхдээ луйврууд нь банкны салбарт яваад байгаа юм биш, аж ахуйн төрлийн компаниуд дээр байна гэсэн үг. Баахан хөрөнгө төвлөрүүлдэг, тэгээд дампууруулж, өөрт байгаа ашигтай хөрөнгүүдийг бусад этгээд рүү үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг үзэгдэл байна. Үүнээс урьдчилан сэргийлэх олон зохицуулалт орж байгаа. Тухайлбал, дампуурлын нөхцөл байдал үүссэнээс өмнөх хоёр жилийн хугацаанд аливаа этгээд рүү эд хөрөнгүүдийг үнэ төлбөргүй шилжүүлсэн бол энэ гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор тусгасан. Хөрөнгийг дахин хуваарилах, олж тогтоох үйл ажиллагаануудыг шүүхийн оролцоотойгоор хийх боломж бүрдэх юм. Бизнес нь ковид юм уу, ложистикийн асуудлаас, өөр олон зүйлээс эрсдэж болно. Энэ компанийг аварч үлдсэнээр татварын бааз сууриа авч үлдэнэ. Мөн ажлын байрыг аварч үлдэх алхам руу илүү зорьж төслөө боловсруулсан гэсэн хариулт өгсөн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.