Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.
-Надад холбогдох хэрэгт Монголын хоёр, гурван бизнесменүүдээс мэдүүлэг авсан-
Тэрбээр "Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Швейцарийн холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм билээ. Энэ оны зургадугаар сарын 13-нд нийслэлийг Прокурорын газраас надад албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус улс дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд ирүүлсэн.
Би зүгээр хаагдсан хэргийнхээ материалд нэмж хүргүүлье гэж бодож байсан. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор нийслэлийн Ерөнхий прокурорын Тамгын газарт та бүхний өмнө гардуулж өгье. Энэ бол Швейцариас ирсэн албан ёсны герман хэл дээрх тогтоол. Дээрээс нь энэ тогтоолыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан.
Анх 2016 онд хэрэг үүсэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талдаа ашигтайгаар хийсэн. Энэ үедээ авлига, мөнгө авсан байж магадгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн хэргүүдийг үе шаттайгаар тавьсан. 2018 оноос эхлэн тодорхой хугацаанд цагдан хорьсон. Анхан шатны шүүхээр орсон. Мөн нийслэлийн давж заалдах шатны шүүхээр орсон. Улсын дээд шүүх болон дээд шүүхийн эрүүгийн нийт хурлаар орж, дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгагддаг хуулийн тогтолцоо байгаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Нэмэлт мөрдөн байцаалтад бүтэн жилийн турш хийж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил Швейцарьт 2016 онд энэ хэргийг үүсгэж, Монголын хоёр, гурван бизнесменүүдээс мэдүүлэг авч, надад үйлчилж байсан Швейцарийн холбооны улсын банк, Хонгконг, "Рио Тинто" компанитай холбогдсон учраас Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж, мөрдөн шалгасан юм билээ. Энэ маань зургаан жил болсон.
Монголын улстөрчид дунд ийм олон улсын хүчний байгууллагаар зэрэг зэрэг шалгагдсан улстөрч ховор гэж бодож байна. Зургаан жилийн хугацаанд сайн муу нэр зүүж явсан ч үнэн нь дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар тогтоогдлоо. Хувь хүний хувьд маш их хугацаа. Энэ хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан.
Өмнө нь улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудал, Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд төсөв, эдийн засгийн бодлогын асуудалд маш их анхаардаг байсан.
Ийм үйл явдал болсны дараа "Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруул чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна" гэдгийг олж харсан. Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана. Би улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно" гэв.