Өнгөрсөн долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн нэгэн онцлох үйл явдал бол Сангийн сайд Б.Жавхланг огцруулахаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн явдал байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн уг үйлдэл МАН-ын дотоод хагарал хэр хэмжээнд байгааг харуулж байна гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Тэрбээр Сангийн сайдыг огцруулах таван үндэслэлийг хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхланг огцруулах таван үндэслэлийг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Нэгдүгээрт, Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдааны үеэр миний зүгээс огт хандаж байгаагүй "150 еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн. Төслийг нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн" гэсэн үндэслэлгүй худал, гүтгэлгийг цацсан. Би ХХААХҮЯ-аас тодрууллаа. Төслийн нийт өртөг нь урьдчилсан байдлаар 90 сая ам.доллар. Төслийн баталгаа гаргах эсэх асуудал одоогоор яригдаагүй юм байна. Үнийн санал тодорхойгүй байна. Төслийн баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм. Ичсэн хүн хүн ална гэгчээр надтай яриагүй зүйлээ ярьсан мэт худлаа гүтгэсэн.
Хоёрдугаарт, Б.Жавхлан сонгуулийнхаа менежер Мөнхбаярыг Хөгжлийн банкны зээлийн газрын захирлаар, ойрын хамаарал бүхий Уянгааг Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирлаар, туслахаараа ажиллаж байсан Пүрэвсүрэн чинь ДИ БИ ЭМ лизенгийн захирлаар тус тус томилсон. Улмаар 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өөрөө санаачилж оруулаад банкны удирдлагууд 5 тэрбум төгрөгийн зээлийг олгох эрхтэй болсон. Үүнээс эхлээд жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон. Хамгийн ноцтой нь түүний хамаарал бүхий этгээд болох Б.Батхүү, Б.Жавхлан А.Соёлмаа нарын хамтарч эзэмшдэг Нью Гови Гэйт” ХХК-ийн нэр дээр Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон /Чингис хаан банкны захирал Б.Батхүү нь Б.Жавхлан сайдын эхнэр А.Соёлмаатай нэгдмэл сонирхотой этгээд бөгөөд дундаа “Нью Гови Гэйт” ХХК 2011 оноос хойш хамтран эзэмшиж иржээ/. Энэ найдваргүй мөнгийг төрийн баталгаа гаргаж, гадаад зээлийг төлнө гэдгийг л боль гээд байгаа юм. Тэгэхээр урьдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр яриад байх юм.
Гуравдугаарт, "Б.Жавхлан хаана банк зээлийн сан байна түүнд гар дүрж байна" гэж би хэлсэн. Монголбанкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн санд өөрийн дүү Б.Амгаланг ажилд оруулсан. Улмаар Б.Амгалангийн нэр дээр бүртгэлтэй Жэт Финанс ББСБ-даа 2,8 тэрбум төгрөгийн зээлийг авсан.
Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкны данснаас иргэн Чинзоригийн нэр дээр 1,2 тэрбум төгрөгийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулж авахуулаад төлөөгүй. Энэ зээл одоо Төрийн банкинд шилжсэн гэсэн мэдээлэл байна. Төрийн банк одоо Сангийн сайдын мэдэлж байгаа.
Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүү олгоход 60 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Банк зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэхэд эргэлзэж байна. Иймд төсөвт суусан хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг ажлын хэсэг гарган жил жилээр нь шалгах шаардлагатай байна. Иймд дээр таван үндэслэлээр Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх зорилтыг дэвшүүлсэн танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёс зүйгүй болохыг гэрчилж байгаа тул нэн даруй огцруулж, АТГ шалгуулах арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлж байна. Засгийн газрыг ямар арга хэмжээ авахыг харна" гэлээ.