УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүнээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсөл санаачлагчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хуралдаан удирдах нь зохимжгүй гэдгээ мэдэгдээд хуралдаан даргалах үүргийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад шилжүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, улмаар иргэд болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг шинээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу аливаа санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах барьцаа, баталгаа, урьдчилгаа төлбөр, батлан даалтыг зөвхөн банкны баталгаа, бонд, үнэт цаас хэлбэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа нь санхүүгийн зах зээлд бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар аливаа тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн банкны баталгаа байдлаар ирүүлэхээр тусгасан байгаа нь учир дутагдалтай юм. Улмаар энэхүү хуулийн хязгаарлагдмал зохицуулалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад дунджаар 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна гэв.
Мөн өнөөдөр ипотекийн зээлэнд хамрагдах хүсэлтэй, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэдэд ч гэсэн зөвхөн банкны шаардлага болох 30 хувийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээс өөр санхүүгийн арга хэрэгсэл, хямд үүсвэр байхгүй байгаа нь байртай болох гэсэн айл өрх бүрд санхүүгийн дарамт, ачаалал болж байгаа нь өнөөгийн санхүүгийн зах зээл дэх нийтлэг үзэгдэл болж байна. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр банкнаас шаардах аливаа барьцаа, баталгаа, батлан даалт, урьдчилгаа төлбөрийн шаардлагыг орлох санхүүгийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, даатгалын баталгааг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, аж аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хөрөнгө, мөнгөө банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулахгүй, хямд эх үүсвэрээр барьцаа, баталгааны асуудлыг шийдвэрлэх, иргэд банкнаас шаардах байрны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар буюу илүү хямд эх үүсвэрээр бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.
Санхүүгийн бодлогын хүрээнд Монголын санхүүгийн зах зээл илүү эрүүлжиж төрөлжих, банкнаас бусад санхүүгийн салбарыг дэмжих, санхүүгийн зах зээлд санхүүгийн шинэ үйлчилгээг бий болгох, хувийн хэвшлийн эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улмаар иргэдэд ирэх санхүүгийн ачаалал, зардал буурах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Ж.Батжаргал, Г.Амартүвшин нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, хуулийн төслийн хүрээнд төрийн болон орон нутгийн тендерт оролцож байгаа компаниудад зөвхөн банкны баталгаа бус даатгалын шинэ хэрэгсэл, сонголтыг олгохоор болж буй нь сайн талтайг тодотгов. Мөн тэрбээр, “Системийн таван том банкны активууд нь бүгд нэг их наяд төгрөг давсан болохоор эрсдэл даах чадвар нь өндөр түвшинд байгаа. Монголд хамгийн том даатгалын компанийн нийт хөрөнгө нь 38 тэрбум төгрөг, нөөц сан нь 18-20 тэрбум төгрөг байгаа учир жижиг тендерт оролцоход асуудалгүй. Харин томоохон төслийн тендерийг хэрэгжүүлэхэд даатгалын компани эрсдэлийг дангаараа даах чадвар хараахан бүрдээгүй тул Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд анхаарах шаардлагатай гэсан байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төсөлд даатгалын байгууллагуудын баталгааны хэмжээг зохицуулахгүй бол цаашид томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрсдэл үүсвэл хариуцлага нь тодорхой байх шаардлагатай гэсэн саналтай байлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.