Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс төмөр замд тээврийн хулгайгаас гадна авлига, албан тушаалын хэрэг үүссэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2023.01.17/ тус үйлдвэрчний холбооноос Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шаардлага хүргүүллээ.
Б.Баяраа: МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс" зэрэг асуудлуудаар албан шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагад хариу ирүүлээгүй тохиолдолд төмөр замчид ажил хаялтад шилжихэд бэлэн болсон байгаа.
Шаардлагын эхний асуудал компанийн засаглалын тогтолцоотой холбоотой. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ОХУ болон Монгол Улсын хувь нийлүүлсэн оролцоотой байгууллага. Тиймээс засаглалыг нь ОХУ, Монголын талаар гурав, гурван хүний төлөөлөлтэй ерөнхий хороо ажилладаг. Гэвч тэнд улс төрийн шахаагаар томилогдсон хүмүүс байдаг. Тухайлбал, шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл тус хороонд багтдаг. Тиймээс томилгоогоо эргэж харах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа авлигын асуудлыг хурдан шалгах шаардлагатай. Удирдлагууд нь доод шатны хүмүүстээ хяналт тавихгүй яваад байж болохгүй. Авлигын асуудлыг огт мэдээгүй юм шиг тайлбар хэлж болохгүй. Бид 2-3 жилийн өмнөөс вагон зараад байгаа асуудлаар шүгэл үлээж байсан. Гэтэл энэ асуудлыг хариуцах учиртай дарга нь мэдээгүй, хараагүй гэсэн тайлбар хэлж болохгүй. Тиймээс энэ талаар шаардлага хүргүүлж байна. Вагон зардаг асуудал олон жил бугшсан. Аль хэдэн жилийн өмнөөс төмөр замаар тээвэрлэж байгаа нүүрсийг мөнгө болгож хувиргаад байгаа талаар бид хөндөж, АТГ-д өгч байсан. Гэвч АТГ-д өгсөн гомдол, мэдээллийг хариу огт ирдэггүй. Шалгаж байна гэсэн асуудал л яригддаг. Одоо гурван жил боллоо.
Дараагийн нэг асуудал нь, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын нийт ажилчдын цалингийн гэрээг шинэчлэх юм. Мөнгөний ханшны уналтыг цалинтайгаа дүйцүүлэх гэдэг зүйл байна. Түүнчлэн ажилчдын ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт учруулах асуудал арилахгүй байна. Шаардлагын хариуг ирэх долоо хоногт өгөхгүй бол ажил хаяна гэв.