Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд “Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа”-ны талаар сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ.
Энэ үеэр Б.Батцэцэг сайд “Дэлхийн II дугаар дайнаас хойш Европ тивд гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөн боллоо. Өнөөдрийн геополитикийн нөхцөл байдлыг дэлхий нийт олон янзаар тодорхойлж байна. Их гүрнүүдийн аль нэг талынх нь байр суурийг баримтлах шууд болон шууд бус дарамт шахалтууд жижиг хөгжиж байгаа орнуудад маш ихээр нэмэгдэж байгаа. Цаашдаа ч энэ нөхцөл нэмэгдэх төлөв байдалтай байна. Олон улсын харилцаа бүхэлдээ амаргүй, олон сорилтуудтай нүүр тулсан байдалтай байгаа. Монгол Улсын Гадаад харилцааны яам энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тэнцвэртэй харилцаа, хамтын ажиллагаа бидний харилцааны амин сүнс гэж бид нэрлэж байгаа. Энэ талын бодлогыг баримт бичгүүддээ томъёолсон байдаг.
Гурван зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зарчим анхнаасаа зөв байсан хэмээн тодорхойлж болохоор байна.
Хоёрдугаарт, хоёр хөрш болон гуравдахьч хөрш орнуудтай тэнцвэртэй харилцах, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд байр сууриа хадгалж, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажилласан.
Гуравдугаарт, дэлхий эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан энэ хүнд үеийг бид зөв гадаад бодлого хэрэгжүүлснээрээ харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхийн тулд гадаад харилцааг эрс идэвхжлүүлэх шаардлага бий болсон.
Энэ утгаараа Монгол Улсын Гадаад харилцаа 2022 онд урд өмнөхөөсөө илүү эрчимтэй бөгөөд идэвхтэй өрнөсөн. Өндөр дээд түвшинд бид 10 гаруй айлчлалыг хэрэгжүүлж, гадаад харилцааны 6 сайд, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилсан.
Өмнөх 30 жилийн түүхийг аваад үзэхэд, жилд дунджаар 2-3 өндөр дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлдэг байсан. Гэтэл энэ харилцаа эрс сайжирч, өнгөрсөн жилийн хугацаанд 10 гаруй айлчлалыг ийн амжилттай өрнүүллээ.
Гадаад харилцааны сайд нар цөөн тоогоор манай оронд айлчилж байсан. Тэгвэл өнгөрсөн оны хувьд бид хоёр хөршийнхөө Гадаад харилцааны сайдыг мөн гуравдахь ч хөршийн дөрвөн Гадаад харилцааны сайд манайд айлчилсан. Бүх айлчлал тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, дэс дараа, давтамжтай, бэлтгэл хангасан айлчлалууд байсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй байх” хэмээв.