Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа.

Угтах ёслолын үеэр БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарт цэцгийн баглаа барьж, дунд сургуулийн сурагчид хоёр улсын төрийн далбаатай мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсныхаа дараа цэргийн хүндэтгэлийн парад үзэж сонирхлоо.

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй Вьетнамын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Эртний түүхэн улбаатай, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр орны харилцааны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлэв.

Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв.

Талууд хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буйг дурдаад айлчлалын үеэр байгуулж буй “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнам Улсаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн Монгол Улсаас Вьетнам Улсад экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Талууд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг дурдаж, айлчлалын үеэр Монгол, Вьетнамын бизнес форумыг Ханой хотноо зохион байгуулж буйг сайшаав.

Мөн цаашид уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг талууд онцлоод Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж буйг дурдаад энэ чиглэлд вьетнамын талтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Хоёр улсын төрийн тэргүүн нар НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотлов.

Хэлэлцээний дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02