Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Соёлын сайд Ч.Номин, 1995 оны конвенцод хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, конвенцын зорилгыг хэрэглэхгүй байх нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэрэг 1970 оны конвенцод заагаагүй зарим асуудлыг нарийвчлан зохицуулсан.
Энэ нь оролцогч талуудыг соёлын эд зүйлийн хууль бус эргэлтээс сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгахад зохих хувь нэмэр оруулж байна.
Тухайлбал, 2013 онд АНУ-ын хууль сахиулах байгууллагаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдсан Т-батаарын олдворыг эргүүлэн өгөх үйл ажиллагааг 1995 оны конвенцод үндэслэн зохион байгуулсныг дурдаж болно.
Монгол Улсын хувьд гадаадаас соёлын эд зүйлсийг импортлох хэрэгцээ шаардлага бага хэдий ч өөрийн түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийг хууль бусаар хилээр гаргахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үндэсний чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Учир нь сүүлийн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд хөдөө орон нутгийн ард иргэдийн гар дээрээс эд зүйлсийг худалдан авах, эсхүл хулгайлах замаар цуглуулж, зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлэх зөрчил буурахгүй байгааг хууль сахиулах байгууллагаас анхааруулж байна.
Түүнчлэн, соёлын эд зүйлийн хууль бус эргэлттэй үр ашигтай тэмцэхийн тулд улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын эрх зүйн механизмыг ашиглах талаар ЮНЕСКО, ИНТЕРПОЛ, ЮНИДРУА (Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн) зэрэг олон улсын байгууллага зөвлөсөөр ирсэн.
Иймд Соёлын яамнаас дээрх бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн конвенцод нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар