Энэ удаагийн сонгуульд “цагаан сонголт” ямар нөлөөтэй вэ?


Хэрвээ та эсэргүүцлээ илэрхийлж хоосон саналын хуудас өгч “цагаан сонголт” хийе гэж бодож байгаа бол шуудхан хэлэхэд энэ удаагийн сонгуульд цагаан сонголт ямар ч “эсэргүүцлийн” шинжгүй юм.

Яагаад вэ гэвэл: нэгдүгээрт, тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигч заавал сонгогчдын олонхын буюу 50+1 хувийн санал авсан байх шаардлага байхгүй; хоёрдугаарт, намын жагсаалтын нэр дэвшигчдийн хувьд аль нэг намыг сонгож, санал өгсөн саналын тооноос хувь тэнцүүлэн тооцох зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд жагсаалт болон тойрогт нэр дэвшиж буй хүмүүс аль нь ч санал өгсөн хүмүүсийн олонхын саналыг авах шаардлага байхгүй. Яагаад гэдгийг доор дэлгэрэнгүй тайлбарлая.

Сонгуулийн жил бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх нь манай улсад бараг “уламжлал” болжээ. Эрх барьсан нам өөрт давуу нөхцөлөөр сонгуулийг зохион байгуулахын тулд өөрсдөдөө ашигтай дүрэм, журам зохиож баталдаг гэхэд буруудахгүй.

Ингэж өөрсдөдөө ашигтай хувилбараар хууль, журмаа батлахаас гадна, нэмээд иргэдэд төөрөгдөл үүсгэх шинжтэй мэдээллийг санаатай, санамсаргүй байдлаар тараадаг нь бас л “уламжлал” шахам болжээ.

Тухайлбал, УИХ сонгууль хаяанд ирсэнтэй зэрэгцээд “цагаан сонголт” хийж эсэргүүцлээ илэрхийл гэх мэдээллийг ил, далдаар зарим хүн түгээв. Гэхдээ энэ нь иргэдийг сонгох эрхээ чөлөөтэй эдлэхэд уриалж байгаа гэхээсээ илүүтэй өөрт давуу байдал бий болгох зорилготой гэж харагдаж байна.

Яагаад гэвэл, аль нэг нам, эвслийг хатуу, тууштай дэмждэггүй иргэдийн бүлэг буюу “саарал бүлэг” – т хамаарах иргэд хоосон саналын хуудас өгөх нь эсрэг намд, нэр дэвшигчдэд нь очиж болзошгүй саналын тоог багасгах нөлөөтэй. Улмаар өөрсдөө олон санал авсан нэр дэвшигч болох магадлалыг нь нэмэгдүүлнэ.

Тухайлбал, жишээ нь 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд нэр дэвшигч нь санал өгсөн хүмүүсийн 50-иас дээш хувийн санал авч  ерөнхийлөгчөөр сонгогдох байсан учир “цагаан сонголт” ач холбогдолтой байв.

Яагаад гэхээр – сонгуулийн ирц хүрсэн ч санал өгсөн иргэд олноороо хоосон саналын хуудас өгсөн байвал нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй болж, өөр шинэ нэр дэвшигчидтэйгээр дахин сонгууль явуулах байв. Уг нь хоосон саналын хуудсаар эсэргүүцлээ илэрхийлдгийн цаад зорилго, үр дүн нь энэ. Санал өгөх нэр дэвшигч байхгүй байна гэдгээ “цагаан сонголт”-оор илэрхийлж, өөр нэр дэвшигчидтэйгээр дахин сонгууль явуулахыг шаардаж буй хэлбэр юм.

Гэтэл энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хувьд тойрогт ч, жагсаалтад ч, аль ч нэр дэвшигчийн хувьд 50-иас дээш хувийн санал авах шаардлага байхгүй. Тэд бусад нэр дэвшигчид, бусад намуудаас олон санал авсан байхад л хангалттай.

Тойрогт нэр дэвшигчийн хувьд:

Тойрогт нэр дэвшигчийн санал хураалтын дүнг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.3.1 болон 74.1-д заасны дагуу тодорхойлно.

Тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулж, дарааллын эхнээс тухайн тойрогт хамаарах мандатын тоонд багтсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно (УИХСтХ-ийн 74.1.1, 74.1.2).

Өөрөөр хэлбэл, тойрогт нэр дэвшигчийн хувьд хэдэн хувийн санал авсан бэ гэдэг нь ямар ч хамаагүй.

Энэ агуулгыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.3.1 заалтын тайлбар хэсэгт “олныг төлөөлөх /мажоритар/ арга гэж ... хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон тооцохыг ойлгоно” гэжээ. Сонгогчдоос авах саналын хувиар ямар нэгэн босго, шалгуур байхгүй гэсэн үг юм.

Тэгэхээр таны хоосон саналын хуудас буюу “цагаан сонголт” нь сонгуульд оролцогчдын ирцийг хуульд заасан босго хэмжээнд хүргэх л ач холбогдолтой болохоос нэр дэвшигчдийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлэх гэж байгаа бол тийм ч үр дүнтэй арга биш байна.

Жагсаалтаар нэр дэвшигчийн хувьд:

Энэ удаагийн сонгуулиар сонгогчид саналын хоёр хуудас бөглөнө гэдгээрээ бас онцлогтой. Тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдэд саналаа өгөх нэг хуудас, мөн сонгуульд оролцож буй намуудад санал өгөх нэг хуудастай байна.

Зарчмын хувьд дээр тайлбарласантай ижил, хэрвээ та сонгуульд оролцож буй намуудад санал өгөх саналын хуудсыг хоосноор буюу санал тэмдэглэхгүй өглөө гэхэд мөн л ач холбогдолгүй, үр дагаваргүй.

Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.2.2 – 74.2.4 – т заасныг харвал “нам, эвсэлд өгсөн нийт санал”–аас жагсаалтаар аль намаас, хэдэн хүн УИХ-ын гишүүн болохыг тодорхойлно.

  • Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль:
  • 74.2.Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна:
  • 74.2.2.намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
  • 74.2.3.хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
  • 74.2.4.гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.

Өөрөөр хэлбэл, нам, эвслийн жагсаалтаас УИХ-ын гишүүн болох нэр дэвшигчдийг тодорхойлохдоо аль нэг нам, эвслийг дугуйлсан саналын хуудсын тооноос хувьчилж бодох замаар аль нам, эвслээс жагсаалтаар хэдэн хүн гишүүн болох вэ гэдгийг тодорхойлно.

Аль ч нам, эвслийг дугуйлаагүй буюу санал бөглөөгүй хоосон саналын хуудас энэ тоонд хамаарахгүй.

___________________________________________________________________________

Тэгвэл, саналын хувь хамаагүй юм бол ер нь сонгуульд оролцохгүй ч байсан нэг их ач холбогдолгүй юм биш үү гэж та бодож байж магад. Энэ удаагийн сонгуульд ирцтэй холбоотой нэг л шалгуур байгаа нь тухайн тойргийн сонгогчдын 50-иас дээш хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байх шаардлагатай.

Тус тойргийн хувьд ирц хүрээгүй бол сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй, саналаа өгөөгүй иргэдийн хувьд нэмэлт санал хураалт явуулах зохицуулалттай (УИХСтХ-ийн 4.8.1. 78 дугаар зүйл).

Ийм учраас эрх барьж буй намын зарим хүн хоосон саналын хуудас буюу “цагаан сонголт” хийж болно гэж ухуулга явуулж буй болов уу гэж хардах үндэслэл байна.

Та сонгуульдаа оролцож, саналаа өгөхдөө хоосон саналын хуудас өгвөл сонгуулийг ирцийн босгод хүрэх эсэхэд нөлөөлөхөөс бус харин хэн сонгогдох вэ гэдэгт ямар ч нөлөө үзүүлж чадахгүй.

Харин сонгуульд оролцож, хоосон саналын хуудас өгөх нь аль хэдийнэ намын дэмжигчдийн “саналыг базсан” эрх баригчид, зохион байгуулалт өндөртэй намуудыг дэмжиж буйгаас өөрцгүй.

Учир нь, аль ч сонгуульд аль нэг нам, эвслийг дэмждэггүй, тэдний гишүүн биш иргэдийн бүлэг буюу “саарал бүлэг” гэгдэх хүмүүс сонгуулийн үр дүнг шийдвэрлэх, эргүүлэх “хүчтэй” байдаг. Тэд аль болох олноор сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөх нь зохион байгуулалттайгаар “саналаа базаж” сонгуульд оролцож буй нам, эвслийн эсрэг тэмцэх хамгийн бодитой арга болно.

Түүнчлэн, эрх баригч нам буюу МАН-ын зүгээс энэ удаагийн сонгуульд залуу иргэдийг, мөн “саарал бүлэг” – т хамаарах иргэдийг аль болох бага оролцуулахыг хүсэж байгааг илтгэх бас нэг “баримт” нь сонгуулийн өдрийн тов юм. Өмнөх бүхий л сонгуулиуд долоо хоногийн дундуур буюу лхагва гарагт болдог байв. Учир нь сонгуулийн өдөр нь бүх нийтийн амралтын өдөр болох хуультай.

Харин, энэ удаагийн сонгуулийг эрх барьж буй МАН-аас 2024 оны зургаадугаар сарын 28 өдөр буюу баасан гарагт товложээ. Өөрөөр хэлбэл, улс төр сонирхдоггүй, улс төрөөс залхсан, аль нэг намыг дэмждэггүй иргэд сонгуулийн өдөр бүх нийтийн амралтын өдөр гэдгийг тохиолдуулаад, мөн үргэлжлээд бямба, ням гараг байх учир сонгуульд саналаа өгөх гэхээсээ илүүтэй хаа нэг тийш явж амрахыг илүүд үзэхийг үгүйсгэхгүй. Тийм магадлал ч өндөр. Иймээс өмнөх бүх сонгуулиуд долоо хоногийн дундуур буюу лхагва гарагт товлогддог байсан юм.

Тэгэхээр энэ удаад иргэд бид хоосон саналын хуудас өгөх буюу “цагаан сонголт” хийхээс илүүтэй мөрийн хөтөлбөр болон өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан зэргийг харгалзан хамгийн сайн гэсэн нам, нэр дэвшигчдээ саналаа өгч сонгуульд оролцох нь энэ сонгуулийн хувьд хамгийн хариуцлагатай оролцоо болох нь ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02