Монголын уран нугаралтын өв соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлах зорилгоор “Монголын уран нугаралтын чуулган-2026”-ыг Улаанбаатар хотод 6 дугаар сарын 19-21-нд зохион байгуулна. Монголын циркийн урлагийн онцлох төрөл болох уран нугаралт нь биеийн уян хатан байдал, уран сайхны илэрхийлэл, өндөр түвшний техник ур чадварыг хослуулсан өвөрмөц урлаг юм. Энэ нь “Монголын уран нугаралт” хэмээх нэр хүндийг дэлхийн циркийн тавцанд тогтоосон. Тус чуулга уулзалтыг 2023 онд Лас Вегас, 2024 онд Улаанбаатар хот, 2025 онд Миннесота мужид зохион байгуулж болж, 1000 гаруй оролцогчийг нэгтгэсэн байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, багш нар, суралцагчид оролцох бөгөөд энэ үеэр бэсрэг наадам, баримтат киноны нээлт, уран нугаралтын түүхэн хөгжлийн семинар, гар дээрх тэнцвэрийн тэмцээн, сургалтын студиудын тайлан тоглолт, нээлттэй воркшопууд, сур харвааны сургалт, гала тоглолт, Physical Asia шоуны оролцогчидтой уулзалт зохион байгуулах юм.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Уран нугаралтын холбоо, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Glory resort, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар ажиллаж байна.