Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ц.Гарамжавыг баривчилсныг эсэргүүцэн, тус холбооноос хэвлэлийн хурал хийв.
"Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо" ТББ-ын ерөнхийлөгч О.Заяа: -Манай холбоо 1992 онд байгуулагдсан, 20 мянган гишүүнтэй. Бид өнөөдрийг хүртэл төр засагт гомдол хэлж байгаагүй. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд олон хүнийг ажлын байраар хангаж, улс орондоо их зүйл хийж бүтээсэн. Хүн нь байвал, хэрэг нь байдаг гэх үзэлтэй төрийн хар хүчнээс их айж байна. Бизнесийн хатан хаан Ц.Гарамжавыг яаралтай суллахыг шаардаж байна. Энэ хүн олсон бүхнээ зээлдээ өгдөг. Бид бие биеэ мэднэ. Энэ хүн харин ч намын жагсаалтад багтах ёстой хүмүүсийн нэг.
Бизнес эрхлэгч Г.Майцэцэг: Ц.Гарамжав гуай шиг хүмүүсийн нуруун дээр төр тогтдог. Бизнес эрхлэгчдийн төлсөн татварыг төр захиран зарцуулдаг шүү дээ. Бизнес эрхлэгчид өнөөдрийг хүртэл айсаар ирлээ. Одоо бид дуугарах цаг болсон. Хэд хоногийн дараа "Өө буруугүй юм байна" гээд гаргах байх. Гэхдээ тэр хүний сэтгэл зүйд учирсан хохирлыг хэн төлөх вэ? Бизнес эрхэлдэг хүн яагаад хөрөнгөтэй байж болохгүй гэж? Сонгуулийн өмнө ийм үйл явдал болсныг би юу гэж хардаж байна гэхээр энэ хүн МАН-д хандив өгөөгүй бололтой. Хандив өгөөгүй тул МАН ийм үйлдэл хийж байна гэж би хардаж байна. Энэ хүн ханшийн зөрүүний улмаас Хөгжлийн банкнаас авсан зээлээ 3 дахин үржүүлж төлсөн. Энэ хүнийг өмнө нь олон удаа шалгасан. Улс төрийн залхаан цээрлүүлэлт явагдаж байна. Тэгвэл С.Баярын АНУ дахь долоон байрыг яах юм. Ингээд өмнөхөө ухаад л маргалдаад байх юм уу? Монголын ард түмэн хэрсүү байх цаг ирлээ.
Залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл: Энэ хүн гахай үүрч, бизнесээ эхлүүлсэн. Америкт байр авсныг нь шалгаж байгаа юм байна. Хүн хөдөлмөрлөж олсон мөнгөө бусдад авлигаар өгөхгүй. МАН энэ хүнийг ашиглаж ашиглачхаад ийм муухай байж болохгүй. Энэ хүнийг улс төрөөс бүр мөсөн явуулах зорилготой байж болзошгүй гэв. "Үнэн ба зөв" нам бол МАН-ын тролл нам. Бидний үлгэр жишээ авдаг цөөн үйлдвэрлэгчийн нэг нь энэ хүн.
......................
Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг энэ сарын 29-нд АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй хэмээн саатуулжээ. Мөн тусгай зөвшөөрөл авахдаа Эрүүгийн хуульд заасан, өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас саатуулсан юм.
Тэрбээр Монполимет группийн үүсгэн байгуулагч бөгөөд 2016-2020 онд Улсын их хуралд гишүүнээр сонгогдон ажилласан. Монполимет групп Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын зээл авч, эргүүлэн төлжээ.