Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банктай хамтран МОНГОЛЫН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ-2024 олон улсын форумыг зохион байгууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан илтгэл танилцууллаа.
Тэрээр "Орон сууцжуулалт бол нэг салбар биш, салбар дамнасан цогц байдлаар шийдвэрлэх үндэсний хэмжээний асуудал. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй.
Гол асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжгүй байдал. Орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн ч 2-3 жил шийдвэрээ хүлээдэг. Арилжааны банкны өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж чаддаггүй, санхүүгийн дарамтад ордог зэрэг олон асуудал байна.
Тодруулбал, анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хамруулж, нийгмийн баталгааг нь хангахаар ажиллаж байна.
Зөвхөн өндөр барилга, орон сууцанд ач холбогдол өгөхгүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдээ дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломж, нөхцөлөөр хангана.
Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах дээрх шийдлүүдийг санал болгож байна.
Эдгээр санал, шийдлийг бүрэн АЖИЛ ХЭРЭГ болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгоно" гэх сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав.