Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн нийт үлдэгдэл 35 тэрбум ам.доллар давж, өмнөх улирлаас болон өмнөх оны мөн үеэс өссөн байна.
Сүүлийн дөрвөн улирлын хугацаанд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл харьцангуй буурч байсан ч 2023 оны эцсээр өсөж, эргэн буураад байгаа юм. Засгийн газар олон улсын зах зээлд гаргасан гадаад өрийн үлдэгдэл 1.7 гаруй тэрбум ам.доллар болсон бол олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 6.17 тэрбум ам.доллар болж, нэмэгджээ.
Монголбанкны Ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2026 он хүртэл том дүнтэй гадаад эргэн төлөлт байхгүй. Засгийн газраас гадаад өрийн стратегийн хүрээнд эргэн төлөлтийн ачаалал цаг хугацааны хувьд давхцахгүй байх, дахин санхүүжилтийн нөхцөл нэмж муудахгүй байхад чиглүүлсэн. Ийнхүү гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт богино хугацаандаа байхгүй нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт бага. Ингэснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ” гэдгийг тодотгосон юм.
Мөн тайлант хугацаанд Төв банкны гадаад өрийн үлдэгдэл нэг тэрбум 753 сая ам.доллар болж, буурчээ. Монголбанк БНХАУ-ын Төв банктай байгуулсан своп хэлцлийн дүнгээс өнгөрсөн оны 12 дугаар сард 210 сая ам.доллар, дөрөвдүгээр сард нэг тэрбум юань тус тус эргэн төлснөө мэдээлж байв.
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын гадаад өрийн үлдэгдэл 1.5 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас буурсан ч жилийн өмнөхтэй харьцуулахад өөрчлөлтгүй байна. Харин II улирал гарсаар арилжааны банкнуудаас Голомт банк олон улсын зах зээлд гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бонд гаргаад байгаа юм.
Бусад хувийн хэвшлийн гадаад өрийн үлдэгдэл найман тэрбум ам.доллар буюу тогтвортой, огцом өөрчлөлтгүй байгааг Монголбанк мэдээллээ.
З.Энхболор