Малыг экспортод гаргах нь зөв, буруу гэхчлэн өнөөдрийн цахим орчинд нэлээн асуудал хөндөгдөж байна. Гэвч бодит байдал дээрээ бид ингэхээс өөр гарцгүй.
Малчдын хувьд “ченжийн сүлжээ”-нд ороогдчихсон. Өөрөөр малаа борлуулах гарц байхгүй. Дэлхийн зах зээл гэдэг алс хол учраас олон жилийн турш цөөхөн хэдэн компани болон ченжүүдийн хэлсэн үнээр малаа борлуулж ирсэн. Түүнээс болж орлого нь зохих хэмжээндээ хүрдэггүй. Төрөөс залуу болон орлого багатай малчин өрхүүдэд тусламж үзүүлж, малжуулах хэрэгтэй юу үгүй юу гэсэн асуудалтай тулчихаад байгаа энэ үед малаа экспортлох буруу гээд сууж байгаа нь хэр зохимжтой вэ.
Мал аж ахуйн нэг онцлог нь нөхөгддөг баялаг. Харин уул уурхай шавхагддаг гээд ялгаатай. Тэгэхээр үүнийг зөв зохицуулж чадвал энэ баялаг улам илүү өснө. Харин олон улсын стандартыг дагах үүрэг нь компаниуд болон Монгол Улсад ногдож байна.
Өмнө нь ЗХУ-руу маш их хэмжээгээр махыг амьдаар нь гаргаж байсан түүхтэй. Энэ нь монголын мал сүргийн бүтцэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй. Харин энэ удаад үржлийн бус бог малаа дэлхийн зах зээлийн ханшаар өндөр үнээр борлуулбал тэр нь улсын эдийн засагт тун хэрэгтэй байгаа хэмээн эдийн засагчид онцолдог.
Өнөөдөр Монгол Улсын хүн амын 40 хувь нь мал аж ахуй эрхэлж байна. Тэгэхээр малыг амьдаар нь худалдсанаар энэ тооны малчин өрхийн амьжиргаа дээшилж, монгол малын үнэ ханш тодорхой хэмжээгээр өснө. Худалдагдсан малын тоогоор бэлчээр чөлөөлөгдөж, хүч хөдөлмөр хэмнэнэ гэхчлэн эдийн засгийн эргэлт, айл өрхийн амьжиргаа талаас нь бодоод үзэхэд илүүдэхгүй л байх.