Энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн ЕБС-иудын найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь уралдаант наадмын II шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд амжилттай болж өндөрлөв.
Уралдаант наадамд Нийслэлийн 8 дүүргийн 20 сургуулийн найрал дууны хамтлагийн 1149 сурагч оролцсон юм. Улмаар тус наадмын заавал дуулах дуу Ш.Өлзийбаярын хөгжим, Л.Эрдэнэбатын шүлэг “Заяа тэтгэх Улаанбаатар” мөн өөрсдийн сонгосон 1 бүтээлээр дуулж оролцлоо.
Нийслэлийн ЕБС-иудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Монголын найрал дууны холбооноос хамтран зохион байгуулдаг энэхүү уралдаант наадмыг 2006 оноос эхлэн манай алдарт хөгжмийн зохиолч аугаа хормейстер Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм.
ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, НСУГ, Монгол Улсын Консерватори мөн манай улсын шилдэг тэргүүлэх хормейстерүүдээс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид хамтлагуудын дуулсан бүтээлүүдийг сонсон дүнгээ тавьж ажиллав.
Найрал дууны хамтлагийн хувцаслалт, зохион байгуулалт, тайзны соёл, сахилга бат тэгшхэн сайн байсан бөгөөд удирдсан багш нарын ур чадвар ч жилээс жилд улам сайжирч байгааг шүүгчид өндрөөр үнэллээ.
• Тэргүүн байр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлаг, удирдсан багш Д.Батбаатар
• 2 дугаар байр: Нийслэлийн Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн “Ундарга” хамтлаг, удирдсан багш Л.Отгонцэцэг
• 3 дугаар байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хамтлаг, удирдсан багш А.Галхүү
• Тусгай байр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг, удирдсан багш О.Дорждэрэм
• Тусгай байр: "Шинэ монгол" харумафүжи сургуулийн “Шинэ зуун” хамтлагууд тус тус эзэлсэн.
Тоглолтод Монгол Улсын Консерваторын найрал дуучид, Монголын Үндэсний Радиогийн дэргэдэх "Улаан бүч" чуулга зочноор оролсон юм.