ШӨХТГ-аас сүүний үйлдвэрүүдийн зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгонд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлагын агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгонд “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зөрчил илэрчээ.
Энэхүү зөрчлийг арилгуулахаар “Сүү” ХК, “АПУ дейри” ХХК, “Монфрэш” ХХК-д улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.
Харин “Сүү” ХК тус албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх “Сүү” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол хяналтын шатны шүүх хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.
Тиймээс гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-аас
1. “Шинэ сүү”, Цэвэр сүү гэх савлагаатай сүүний оноосон нэрний агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох
2. Урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошго хийж хуулийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг шошго дээрх “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” гэх тэмдэглэгээг хасах
3. Үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль нь болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгахыг шаардлаа.
Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох хариуцлага хүлээлгэхийг “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн байна.