BRB-ийн гүйцэтгэх захирал Б.Энхжаргалан, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын залуус мөрийтэй тоглож, хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад буй. Тухайн хэрэгт холбогдоод буй залуус өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд зохион байгуулалттайгаар хэрэгт унагах гэж байна гэж мэдэгдэв.
Б.Энхжаргалан: Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн оройны 09.40 цагийн орчимд Оргил рашаан сувиллын эсрэг талд байрлах байранд найзындаа очсон. Тэнд бид ажил хэргийн уулзалт хийж, хоол идчихээд, 13 тоглосон. Хоёр цаг орчим хөзөр тоглож, 11.50 цагийн үе дуусгаж, айлаас гарсан. Тэгэхэд эрүүгийн мөрдөгч нар хаалган дээр ирчихсэн, зөрөөд орсон. Тухайн газар нь айлын гэр, зохион байгуулалттай тоглоомын газар биш. Мөрдөгч нар айлын гэрт дайрч орж ирсэн. Тэгээд гэрт байсан долоон залууг хана руу харуулж зогсоогоод, эд зүйлс, гар утсыг нь хурааж авсан. Биднийг 3-4 цаг зогсоож, гэрт нэгжлэг хийж, гал тогооны өрөөний ширээн дээр сэжигтэй гэх бүх эд зүйлсийг цуглуулж тавьсан. Тэр айлаас даалуу, хөзөр, четон, эмийн сан гарч ирсэн. Биднээс “зохион байгуулалттай мөрийтэй тоглосон уу, үнэнээ хэл” гэж тулган шаардсан.
Хэвлэлүүдээр гараад байгаа зургийг эрүүгийн мөрдөгч нар гар утсаараа авсан. Айлын ширээн дээр тавьсан зүйлсийг мөрдөгчид айлд нэгжлэг хийхдээ гаргаж ширээн дээр тавьсан. Тэнд найман сая төгрөг байсан гэж байгаа нь долоон залуугаас гарсан нийлбэр мөнгөн дүн юм. Мөрдөгчдийг орж ирэхэд тэр бүхэн ширээн дээр байсан юм биш. Биднийг зориуд мөрийтэй тоглосон, хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт унагах гэж үзэж байна.
Гэтэл тэр үйл явдлаас хойш дөрөв хоногийн дараа нэг гарчиг, зураг, агуулгатай мэдээ зохион байгуулалттайгаар цацсан. Мэдээний төгсгөлд хэргийг шалгаж байна гэсэн байсан. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэвлэлээр урьдчилж ялладаг байдалтай санал нийлэхгүй байна. Энэ мэдээллийг эрүүгийн мөрдөгч нарын хэн нь задлав? Эсвэл прокурор задлав уу? Эсвэл дээрээсээ тушаалтайгаар ажиллаж байна уу гэлээ.