БНСУ-д сүнсний баяр тэмдэглэх үеэр болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор 11 дүгээр сарын 5 хүртэл тус улсад орон даяар гашуудал зарласан билээ. Гашуудал зарласантай холбогдуулан К-рор уран бүтээлчид тоглолтоо, алдартай брэндүүд баярт зориулсан үйл ажиллагаануудаа цуцалсан. Тодруулбал, BTS хамтлагийн гишүүн Жиний “The Astronaut” дуунд зориулсан бүх тоглолт, арга хэмжээгээ тус хамтлаг хойшлуулсан бол Girls’ Generation, EXO, Super Junior, NCT болон Aespa гэсэн алдартай хамтлагууд оролцох Halloween баярт зориулсан арга хэмжээг цуцалжээ. Мөн Италийн Gucci бренд 11 дүгээр сарын 1-ний өдөр Сөүл хотноо товлосон үзүүлбэрээ цуцалсан бол Бусан дахь Busan OneAsia хөгжмийн наадам ч мөн цуцлагджээ.
Тэгвэл энэхүү гашуудлын үеэр Монгол улсын Тоонот рекордсынхон товлосон ёсоороо 10 сарын 30 ны үдэш Сөүл хотод тоглолтоо толилуулсан байна.
Тус улсад суугаа Монгол улсын ЭСЯ-наас тэдэнд зориулж мэдэгдэл гаргасан ч амжилт олсонгүй. Уг мэдэгдэлд "2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо. Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд Монгол Улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна" гэсэн байв.
Олон нийтийн зүгээс тухайн улсын гашуудлыг үл тоон тоглолтоо хийсэн “Тоонот”-ынхонд дургүйцсэн сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлж байлаа. Харин “Тоонот”-ынхон бид тоглолтоо цуцлах талаар ярилцсан ч Солонгосын талаас биднийг тоглолтоо цуцал гэж албан ёсоор мэдэгдээгүй тул сүүлийн хуваарьт тоглолтоо хийсэн. Биднийг тоглолтоо хийсэнд Монголчууд л бухимдаж байна гэж мэдэгдэв.