Монголын хүннү рок "The Hu" хамтлагийнхан хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад байгаа. Тэдний шинэ цомог "Rumble of Thunder" нэртэй бөгөөд "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуутай ажээ.
Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоо эхлүүлээд байгаа бөгөөд өнөө орой ХБНГУ-ын Берлин хотод тоглоно.
Мөн өчигдөр тус хамтлагийн хоёр дахь цомгийн танилцуулах хүндэтгэлийн хүлээн авалт Берлин хотын Элчин сайдын яамнаа болжээ.
Тус арга хэмжээг АНУ-д амьдарч буй гавшгай хөдөлмөрч залуус Хү хамтлагийн менежерүүд болох Б.Солонго, Б.Тэмүүжин, Берлин дэхь ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Батмөнх болон “ЦСҮ" намын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Г.Очмаа нар зохион байгуулжээ.
Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард "Coachella" хөгжмийн наадамд оролцсон.
"The Hu" хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.