“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны энэ оны гуравдугаар улирлын буюу шинэ тайлангаас үзэхэд Өрхийн санхүүгийн байдал муудсан байна. “NRCC” болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс эрхлэн явуулдаг тус судалгаанд энэ удаад Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1000 гаруй иргэдийг хамруулсан аж.
Тэгвэл судалгаанд оролцсон иргэдийн 49.9 хувь нь санхүүгийн байдал муудсан гэж хариулжээ. Энэ нь өмнөх улирлаас 13.5, жилийн өмнөхөөс 2.2 пунктээр өндөр байна. Иргэдийн 12.9 хувь нь орлого 50 хувиас илүү буурсан гэж хариулжээ. Өрхийн санхүүгийн байдлын индекс орлогын энэ өөрчлөлтийг харуулж байна. Энэ улиралд санхүүгийн байдлын индекс эрс буурч 49.3 болжээ.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 60.5 хувь нь өнгөрсөн долоо хоногт ядаж нэг цаг ажилласан эсвэл тогтмол ажилтай байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2021 оны мөн үеэс 1 пунктээр өсжээ.
Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 55.5 хувь нь ам.долларын ханш ирэх зургаан сарын хугацаанд өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх улирлаас 1.6 пунктээр буурсан дүн юм. Хэрэглэгчид ам.долларын ханш дунджаар 3419 төгрөг болно гэж хүлээж байна. Энэ нь өнөөгийн ханш болох 3257 төгрөгөөс 162 төгрөгөөр өндөр дүн. Ханшийн талаарх тодорхой бус байдал өнгөрсөн улирлаас эрс нэмэгджээ.