Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хүүхэд горхины усанд унаж эндсэн байжээ. Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 05-ны өдрийн 21:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ГУРВАН настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул хаймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар энэ сарын 6-ны 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Иймд Онцгой байдлын газраас бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.