"Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас олон талт ажлууд зохион байгуулж байна.
Тухайлбал, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ардын авьяастнуудыг сурталчлах ажлын хүрээнд БГД-ийн иргэдийн дунд Ардын гоцлол дуу, Зохиолын гоцлол дуу, Гоцлол хөгжим, Гоцлол бүжиг, Уран уншлага, Ерөөл магтаал, Содон үзүүлбэр гэсэн ангиллаар шалгаруулалт явагдаж байна. Тус тэмцээнд шалгарсан оролцогч нарын 2-р шатны шалгаруулалтыг 11-р сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулж, нэгдсэн Гала тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 26-нд UB паласт зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн тус дүүрэгт "Миний нэр" Монгол бичгийн өдөрлөг зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн 6-р ангийн сурагчдад багш нэрийг нь үндэсний бичгээр бичиж өгөн дуурайлган бичүүлэхээс гадна бийрэн бичлэгээр бичиж өгсөн нь сурагчдын сонирхлыг ихэд татаж байв. Хөгжүүлэх сургалтын сурагчид “Монгени” цогцолбор сургуулийн бүх багш, ажилчдын нэрийг үндэсний бичгээр бичин бүтээл гаргав.
Түүнчлэн, 141-р сургууль нь ахлах ангийнхны дунд бийрэн бичлэг болон бусад хэлбэрээр өөрийн нэрийг үндэсний бичгээр бичих ажлыг зохион байгууллаа.
Үүгээр зогсохгүй Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн ахлах сургууль байрныхаа 26 анги кабинетыг үндэсний бичгээр хаягжуулав. Улмаар "Дэвтэр бол сурагчийн толь" аяныг өрнүүлэн сурагчдын дэвтрийг үндэсний бичгээрээ чимж хаягжууллаа. Сурагчдыг өв уламжлалаа дээдлэн , хайрлан хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх үүднээс багш Ц. Мөнхцацрал нь "Уран бийр”-ийн үзэсгэлэн гаргаж сурагчдад танин мэдэх, сурах эрмэлзлэлийн суурийг тавьж секц дугуйланд бүртгэл хийлээ.
Харин Сүхбаатар дүүрэгт Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа, шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалд эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг зохион байгуулж байна.
Алслагдсан дүүрэг болох Багахангайд Хангай цогцолбор сургуулийн 1-12 дугаар ангийн 33 бүлгийн 793 хүүхдийн дунд “Урлагийн наадам”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.