ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөртэй нь холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй асуудалд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр " МАН дотор хагарал бий болсон. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, Д.Амарбаясгалан өөрөө оронд нь очих нь гэх мэт зүйлийг зориуд зохион байгуулалттайгаар гаргаж байна.
Энэ бүх зүйлийг АН дотроо учраа олж чадаагүй, эрх мэдэлд улайрсан зарим нэг нөхдийн хийж буй үйлдэл хэмээн харж байгаа. МАН-ыг эв нэгдэлгүй болгож, Засгийн газрын түвшинд ажил хэвийн тогтвортой явах нөхцөлийг алдагдуулснаар сөрөг хүчнийг төлөөлөх гэж оролдож буй зарим нэг хүний хүсэл хангагддаг юм болов уу. Засаг төр тогтвортой байж өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, улс оронд учирч буй дарамтыг амь нэгтэй даван туулах нь бидний зорилго. Түүнээс биш албан тушаалын төлөө зөрчилдөн тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь тэр албан тушаалд очихын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш.
МАН бол эв нэгдлээрээ бусад аль ч улс төрийн намд үлгэр дуурайлал болохоор нам” хэмээв.