Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах буюу Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төсөлд хэд, хэдэн шинэ заалтууд багтсан. Хүний үйл ажиллагаа, оролцоог бууруулна. 2019 оноос хойш бид цахим шилжилт хийж байна. Тендерт оролцож буй компаниудын бүрдүүлдэг нийт материалын 70 хувь нь төрд бий. Эдгээр баримтыг тухайн компаниас дахин нэхэхгүй, харин компани үнэн зөв мэдээлэл өгсөн гэж баталгаа гаргана.
Нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерийн бүх үе шатыг оролцогч компаниуд, олон нийт тодорхой цаг хугацаанд харах боломжтой. Гэхдээ олон нийтэд тендерийн үнэлгээ хийх явц харагдахгүй.
Тендерийн хариуцлагатай холбоотой маргаан их гардаг.
Тендер авсан ч ажлаа дутуу гүйцэтгэсэн, чанаргүй гүйцэтгэсэн гэх мэт зөрчил гаргавал тухайн компанийг дахин тендерт оруулахгүй, удирдлагуудын хамт хар жагсаалтад бүртгэнэ.2021 оны эцсээр эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа. Илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна.
Орон нутгийн аж ахуй нэгжид давуу эрх олгоно. Мөн цахим дэлгүүрт төрийн байгууллагуудын тогтмол худалдан авдаг бараануудыг байрлуулан, тэндээс сонголтоо хийдэг болно. Чанар, стандарт хангасан барааг л энэ дэлгүүрт оруулна. Төрийн байгууллагууд захиалга өгөх замаар бараагаа авна.
Хуудсаа дугаарлаагүй, гарын үсэг дутуу гэх мэт шалтгаанаар тендерт ирүүлсэн баримтыг буцаахгүй. Компаниуд Tender.gov.mn цахим хуудсанд нэг удаа бүртгүүлэн, санд мэдээллээ нэг удаа л оруулна. Дахин оруулах шаардлагагүй болно.
Тендерт хамгийн бага үнэ санал болгосныг биш бодит үнэ санал болгосон аж ахуй нэгжийг шалгаруулна. Төсөвт өртгийн 80 хувиас бага үнэ өгсөн аж ахуй нэгжийг хасна. Анхны өртөг бага атлаа цахилгаан их хэрэглэдэг гэх мэт ашиглалтын зардал өндөртэй санал өгвөл мөн хасна гэлээ.
Өнгөрсөн хугацаанд зарлагдсан нийт тендерийн 3 хувьд нь гомдол гарсан байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан юм байна. Жагсаалтаар Төрийн худалдан авах ажиллагааны газар 591 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгжүүлэх аж" гэдэг мэдээллийг өгсөн юм.