Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ.
Тэгвэл энэ жилийн Чингис хаан одонг зүрхний эмч Б.Болдсайханд олгохоор болсон тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Харин уг мэдээлэл ташаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Тодруулбал, "Зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд Чингис хаан одонг хүртээхээр болсон гэх мэдээлэл нь ташаа гэдгийг хэлье. Чингис хаан одонгоор шагнагдах хүний нэрийг журмаараа ирэх долоо хоногийн Даваа гарагт зарлана. Шагнал гардуулахаас 3-4 хоногийн өмнө ЕТГ-аас зарлах ба тэр хүртэл эл мэдээллийг нууцлах ёстой байдаг" гэлээ.