Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх хамгийн чухал асуудал. Энэ утгаараа нийслэлийн иргэдийн ундаалж байгаа усны нөөцийг гаргадаг, хамгаалдаг 70 гаруй худаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Тэгэхээр усны ундарга болсон ийм газрыг бид яаж хамгаалж, хайрлаж явах ёстой вэ гэхээр яг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жишгээр хамгийн түрүүнд буюу зайлшгүй хамгаалалтын хашааг гаргаж өгөх хэрэгтэй. Бусад газрын хашааг буулгаж болно. Ундны усны эх үүсвэр байгаа газрын хашааг буулгаж болохгүй. Энэ нь өөрөө маш чухал хамгаалалт болж өгдөг.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр олон ариун цэврийн өрөө байрлуулаад, тухайн бохирыг хөрсөнд нь шингээж болохгүй байгаагийн шалтгаан чинь өөрөө нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр байгаа явдал юм. Тиймээс соруулдаг, өвөлдөө хөлдөж, зундаа гэсдэг “нойл”-ыг ашиглаад байдаг.
Усны хамгаалалт бүхий газар ажиллахдаа хамгийн эхэнд анхаарах, үр дүнтэй арга бол ерөөсөө л мод тарих. Модонд тухайн усны нөөцийг хамгаалдаг, нөхөн сэргээдэг биологийн маш том эко системийн урвал явагдаж байдаг.
Мөн усны сан бүхий газарт нэг метрийн гүнээс доош ухалт хийж болохгүй. Манай хүрээлэн ч ийм зарчим хэрэглэдэг. Тэгэхээр яг ийм дүрэм журмын дагуу усны сан бүхий газруудаа хамгаалах ёстой” гэдэг саналыг хэллээ.