Өнгөрөгч аравдугаар сард зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн хэргийг Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хэргийг прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, "Хохирогчийн гэмтлийн зэргийн шинжээчийн дүгнэлтийг таван хүний бүрэлдэхүүнтэй гаргахаар шийдсэн. Өмнө нь хоёр удаа хөнгөн, сүүлийнх нь хүндэвтэр гэмтэл гэж гарсан гэх өмгөөлөгчийн гомдол ирсэн. Дүгнэлт зөрүүтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дахин таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдсэн" хэмээн Тээврийн прокурорын газраас хэвлэлд тодруулга өгчээ.
Хэргийг эргэн сануулахад, Аравдугаар сарын 12-ны оройн 19:00 цагийн орчимд БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олимп хотхоны арын замд Ч.Маралмаа нь Ланд крузер-200 маркын авто машинаар явган хүний замаар явж байсан 12 настай хоёр хүүхдийг дайрч, нэг хүүхдийг 200 метр орчим газар хашлаганд хавсран явсан хэрэг гарсан. Түүнчлэн эсрэг урсгалд байсан долоон автомашиныг дайрсан юм. Улмаар уг хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж, осолд өртсөн охины эрүүл мэндэд санаа зовнисон иргэд Ч.Маралмаад тохирох шийтгэлийг нь оноох ёстой хэмээн цахим орчимд сэтгэгдлээ илэрхийлэх болсон билээ. Охины гэмтлийн зэргийг хөнгөн хэмээх дүгнэлтийг Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан ч хоёр дахь дүгнэлтэд хүндэвтэр гэх дүгнэлтийг гаргасан нь олон нийтийн зүгээс хардлага төрүүлэхэд хүргээд байсан.
Дашрамд дурдахад, зам тээврийн ноцтой ослын хэрэгт холбогдогч Ч.Маралмаа нь автомашин жолоодох эрхгүй нэгэн байсан билээ.