Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний ням гарагт иргэд нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардан төв талбайд жагслаа. Жагсагчид төрийн гурван өндөрлөгийг тайлбар хийхийг шаардан Их тэнгэрийн амыг зорьсон боловч Их тэнгэрийн ам орчимд цагдаагийн хамгаалалт гарч иргэдийг бухимдуулав.
Жагсагчдын зүгээс нүүрсний хулгайчдыг ил тод зарлаж, тэдэнд тохирох ял шийтгэл оноохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардсан юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уг хэрэгт анхаарал хандуулах ёстой хэмээн үзэж байлаа.
Гадаа өвлийн температур хасах 16 байгаа ч Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд Төрийн ордныг тойрон гороолж шөнийн 23:00 цаг хүртэл тарсангүй. Жагсаалд ирсэн хүмүүсийн ихэнх хувь нь үр, хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн төлөө тэмцэж буй 40-өөс дээш насныхан байв. Тэд өнөөдөр бүх нийтээрээ ажил хаялт зарлаж, томоохон эсэргүүцэл илэрхийлэх ёстой хэмээн уриалсан юм.