Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнгөрсөн Баасан гаригт шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийж, нэг хүн нас барсан мөн хоёр хүний цогцсыг эрэн хайж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл эрэн хайх ажлыг зогсоож, цогцсыг олж холбогдох газруудад шилжүүлсэн байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч гурван хүн амь эрсдлээ. Энэ талаарх дуудлага 12 дугаар сарын 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татсан. Мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг авч ирэн найман цаг ажилласны эцэст галыг есөн цагийн дотор бүрэн унтраасан байна.
Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайж, устай холилдсон 450 тонн түлшний савнаас цогцсыг олж гаргажээ.
Одоо үргэлжлүүлж шалгалтын ажлыг хийх учир албаныхан ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажлын дараагаар эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.