Юнивишн компани үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлсэнтэй холбоотой гомдол санал ихээр ирсэнтэй холбоотой ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ.
ШӨТХГ-ын дарга С.Мөнхчулуун:
Өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр Зууны мэдээ сонин дээр Юнивишн компани үнээ нэмэх гэж байгаа гэх мэдэгдэл гарсан байсан. Үүнтэй холбоотойгоор бид 11 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт эхлүүлсэн. Үнээ нэмэх асуудлаа зөвхөн сонин дээр мэдээлэх нь зохимжгүй байлаа.
Юнивишн компаныг 2017 онд ШӨХТГ-аас Улаанбаатар хот, орхон аймаг, дархан-уул аймгийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр тогтоолоор Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн хэмжээнд давамгай байдалтай ААН-ийн үнийг тогтоосон байдаг. Тийм учраас энэхүү давамгай байдалтаөй ААН-ийн үнийг харилцаа холбооны зохицуулах хороо хянахаар байна.
Үнэ нэмэх асуудал дээр харилцаа холбооны зохицуулах хороо хянаж, зөвшөөрөл олгосны үндсэн дээр үнээ нэмүүлэх ёстой байсан ч Юнивишны хувьд харилцаа холбооны зохицуулах хороо руу мэдээллийг хүргүүлсэн боловч ямар нэгэн байдлаас ХХЗГ-аас зөвшөөрөл олгоогүй байна. Ингэснээр бид үнэ нэмсэнтэй холбоотой асуудлыг ХХЗХ-нд шилжүүлж байгаа.
Мөн Юнивишн хэрэглэгчидтэйгээ гэрээ байгуулахдаа гэрээний өөрчлөлтийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Мөн өөрийн боломжит сувгуудыг ашиглана хэмээн заасан байдаг. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бус зөвхөн зууны мэдээ сонинд хэвлэгдсэн байна.
Зууны мэдээ сонин өдөрт 1800 орчим хувь хэвлэгддэг. Үүний 1600 орчим нь захиалгатай үйлчлүүлэгчдэд зориулсан ба 200 гаруй нь л гадуур зарагддаг байна.
Үүнээс үзэхэд хэрэглэгчдийн эрхийг дордуулсан гэрээ хэлэлцээр хийсэн. Мөн хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, мэдээллээр хангаагүй гэж үзэж байна. Энэ асуудалд зөрчлийн хэрэг үүсгэж цааш нь үргэлжлүүлж шалгахаар болсон" гэв.