Нүүрсний хулгайчдын нэрийг ил зарлахыг шаардсан иргэдийн жагсаал ес дэх өдрөө төв талбайд үргэлжилж байна. Жагсагчид улсын төсвийг бүрдүүлэх ёстой нүүрсний орлогын 44 их наяд төгрөгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Дүн өвлийн хүйтнийг үл ажран жагсаалд нэгдэх иргэдийн тоо өдөр бүрээр нэмэгдэж буй. Тэдний жагсаал дэлхий нийтийн анхааралд орж, томоохон мэдээллийн агентлагууд жагсаалын талаарх мэдээллийг хүргэсээр байгаа юм. Тэд “Олон сая ам.долларын нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн нэрийг зарлахыг шаардсан Монголын ард түмэн төв талбайдаа жагсаж байна. Жагсаал олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд шаардлагынхаа хариуг авахаас нааш жагсагчид гэртээ харихгүй бололтой” гэсэн мессэжийг өгч байгаа юм.
Жагсаалын дөрөв дэх өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уулзсан юм. Тэрбээр, “Нүүрсний хулгай” асуудалтай холбогдуулж Засгийн газраас гарсан ажлын хэсэг дээр нэмж, жагсаалд оролцож буй иргэдээс 100 хүнээс ажлын хэсэгт орохыг урьсан. Гэвч жагсагчид хууль эрх зүйн мэдлэггүй тул ажлын хэсэгт орох шаардлагагүй гэж үзэн Засгийн газрыг ажлаа хийж, хэрэгтнүүдийг олж, тогтоох хариуцлага тооцохыг шаардсаар байгаа юм.
Залуусын жагсаалын үр дүнд төрийн нууцын зэрэглэлд байсан Эрдэнэс тавантолгой ХК- тай холбоотой гэрээнүүдийг олон нийтэд ил тод болгосон. Түүнчлэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий найман хүнийг баривчилж, нотлох баримтуудыг хураан авсанаа мэдэгдээд буй. Баривчлагдсан хүмүүсийн дотор Б.Ганхуягийн эхнэр, төрсөн эгч, хүргэн ах зэрэг хүмүүс байгааг мэдээлсэн. Мөн АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон нүүрсний хулгайн хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Өмнөговь аймагт ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Гэвч жагсагчид энэ ажлууд үр дүнд хүрч буруутай этгээдүүдийн нэр тодрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа юм. Жагсагчдын хувьд 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайг УИХ-ын гишүүн шийдвэр гаргах түвшний хүний оролцоогүйгээр гүйцэтгэх. Боломжгүй хэмээн үзэж, эрх баригчдад шахалт үзүүлж байгаа. Тэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал тэргүүтэй хүмүүс зөвхөн гүйцэтгэгчид гэж үзэж байгаа юм.