“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол өчигдөр болж өндөрлөсөн. Тухайн үед Төрийн ордны гадна талд жагсагчид нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар Эрүүл мэндийн байгууллагаас тэдгээр жагсагчдын биед үзлэг хийж, нэгдүгээр зэргийн осголттой гэж үзэн, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан ч төд удалгүй тэдгээр хүмүүсийг хөлсөлсөн нь тогтоогдлоо гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт байрлах нэр бүхий ресторанаас Н.Э гэх эмэгтэйг баривчилсан. Тэр нь АТГ-т ажиллаж байсан нэгэн гэхчлэн жагсагчдыг санхүүжүүлсэн буюу авлигатай холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч байна.
Тэгвэл дөнгөж сая АТГ-ын холбогдох албан тушаалтан “Авлигатай тэмцэх газарт Н.Э гэх эмэгтэй ажиллаж байгаагүй. Байгууллагын нэр хүндтэй холбоотой ташаа мэдээлэл гараад байгаа тул хэлэхээс аргагүй байна” хэмээжээ.