С.Сүхболд: Жил бүр 100 монгол залуу Австрали улсад амрах болон ажиллах боломж бүрдэж байна


Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө Олон улсын гэрээ, эрх зүйн газрын үйл ажиллагааны онцлогийг товч танилцуулахаас ярилцлагаа эхлүүлье.

            Олон улсын эрх зүйд даяаршлын шинэ хандлага, дүрмүүд бий болж байгаагийн зэрэгцээ цахим гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эрх зүй, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал зэрэг харилцааг шинээр зохицуулах шаардлага бий болж байна. Ковид-19 цар тахал ч энэхүү хандлагыг улам хурдасгасан. Энэ цаг үед олон улсын тавцан дахь Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах, олон улсын эрх зүйн хүрээнд өөрийн улсын эрх ашгаа хамгаалах, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд төвөгтэй бөгөөд нарийн тооцоолол маш чухал. Энэ ч хүрээнд манай газрын нэгээхэн чухал чиг үүрэг бол НҮБ болон түүний системийн байгууллагад хэлэлцэж буй шинэ хандлага бүхий олон талт гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах үйл явцад оролцох явдал юм. Олон улсын тавцанд жижиг, томоос үл хамааран бүхий л улс өөрийн байр суурь, эрх ашгаа хамгаалах гол гарц бол олон улсын олон талт гэрээ, хэлэлцээр, түүний хяналтын механизм бөгөөд манай яамны хувьд уг ажилд онцгой анхаарч ажилладаг.

Улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа бүр гэрээ, хэлэлцээр байгуулах замналаар албан ёсоор биеллээ олдог. Монгол Улсын нэгдмэл гадаад бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, төрийн бусад байгууллагын гадаад улсын ижил түвшний байгууллагатай байгуулах баримт бичгийн үйл явцад бүрэн оролцдог. Бүрэн оролцоно гэдэг нь тухайн гадаад улстай гэрээ байгуулах санал тавихаас эхлүүлээд төслөө солилцох, хэлэлцээ хийх, гарын үсэг зурах, хэрэгжүүлж эхлэх хүртэл бүх үйл явцад хяналтын, чиглүүлэлтийн, зохион байгуулалтын үүргийг гүйцэтгэдэг хэмээн энгийнээр хэлж болно. Зөвхөн нэг гэрээ байгуулах үйл явц нь 1 жилээс эхлээд 10 гаруй жил үргэлжлэх ч тохиолдол байдаг.

ТОДОРХОЙ ЖИШЭЭ ДУРДАХАД, МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН. ЭНЭХҮҮ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ БҮРДҮҮЛЭХЭЭР САЛБАРЫН ЯАМ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОРОЛЦООТОЙГООР МИНИЙ БИЕ МОНГОЛЫН ТАЛЫН АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛЖ АЖИЛЛАСАН. МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАМТАРСАН ХЭД ХЭДЭН ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛЖ, АМЕРИКИЙН ТАЛТАЙ ТӨСЛӨӨ ЭЦЭСЛЭН ТОХИРОЛЦОЖ ЧАДСАН. ИЙНХҮҮ БИД АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН.

Дээр дурдсан гэрээ байгуулах чиг үүргээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улсын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиг үүрэг мөн манай ажлын чухал хэсэгт ордог. Жишээ нь, Бельгийн Хаант Улсад оршин сууж буй монгол иргэд өнгөрсөн сараас эхэлж өөрийн эзэмших Монгол Улсын жолооны үнэмлэхээ бельгийн жолооны үнэмлэхээр солиулах боломжтой болсон. Энэ нь тус улсад амьдарч буй 2000 гаруй монгол иргэдийн аж амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд ач тустай зүйл билээ. Монгол Улс болон бусад 87 улсын оролцоо бүхий Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын дагуу монгол иргэдэд ийнхүү боломж бүрдсэн юм. Энэхүү боломжийг бүрдүүлэхээр бидний зүгээс Европын бусад улстай яриа, хэлэлцээг мөн эхлүүлээд ажиллаж байгаа.

Тээврийн салбарын талаар нэгэнт яриа өрнүүлснийх дахин хэдэн ажлаа дурдмаар байна. Өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд Европын орнуудаар тээвэрлэлт хийж буй монголын тээвэрлэгч нарт чамгүй олон асуудал тулгардаг. Энэ асуудлын шийдэл мөн л олон улсын эрх зүйд оршдог. Монголын тээвэрлэгч нар олон улсын эрх зүйн зарчимд нийцсэн, эрх ашгаа хамгаалуулсан тээвэрлэлтэд оролцох, визний болон даатгалын хүндрэлээс ангижрах нь чухал байна.

2022 оны хувьд Герман, Польш, Словак улсын Засгийн газартай авто тээврийн салбарын хэлэлцээрийг тохиролцож, Серби, Молдав, Румын, Болгар улстай хэлэлцээр байгуулах үйл явцыг эхлүүлсэн. Бусад улсын тээвэрлэгч нарт буй боломж, бололцоо бүрийг монголын тээвэрлэгч нар эдлэх эрхтэй бөгөөд уг ажлыг урагшлуулах нь амаргүй хэдий ч чухал зорилт билээ.

Сонирхуулж хэлэхэд хэлэлцээ (negotiation)-г хэлэлцээр (agreement)-тэй хольж, хутгах зүйл их гардаг. “Хэлэлцээ” гэдэгт олон улсын болон хоёр талын харилцааны аливаа асуудлаар зөвлөлдөх, зөрөлдөөнийг зохицуулан шийдвэрлэх зорилгоор хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд явуулдаг яриаг ойлгодог бол “хэлэлцээр” нь талуудын хооронд тохиролцсон эрх зүйн баримт бичиг юм. Уг баримт бичгийн төслийг эцэслэн тохиролцох зорилгоор хоёр тал хэлэлцээ хийдэг.

Монгол Улсын дипломат харилцаа 2022 онд маш идэвхтэй өрнөсөн. Дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулсан баримт бичгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг боловч гэрээ, хэлэлцээрийн үр өгөөж, ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй. Энэ оны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын гадаад оронд хийсэн айлчлалын хүрээнд байгуулсан онцлох гэрээ, хэлэлцээрийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

            Өмнө нь хэлсэнчлэн гадаад харилцаагаа эрх зүйгээр баталгаажуулах нь чухал байдаг. Тийм зорилгоор гадаад оронд айлчлал хийдэг гэж ойлгож болно. Энэ утгаараа ч энэ жилийн айлчлалууд төлөвлөгдөн хэрэгжсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Хөгжлийг дэлхий дахинд сайн дурын хөтөлбөр”-т гарын үсэг зурснаар монгол залуучууд  6-24 сарын хугацаанд ХБНГУ-д сайн дурын ажил эрхлэх, германы соёлтой танилцах, залуучуудтай нөхөрлөх боломжтой болсон. Мөн залуучуудыг дэмжих хүрээнд Амрах болон ажиллах визийн зохицуулалтын тухай санамж бичиг байгуулах хэлэлцээг австралийн талтай 2013 оноос хойш тасралтгүй хийсний дүнд энэ онд гарын үсэг зурлаа. Үүний дагуу жил бүр 100 монгол залуу Австрали улсад амрах болон ажиллах боломж бүрдэж, 2022 онд 100 монгол залуу Австрали Улсыг зорьсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНХАУ-Д ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН.

Уг төслийг хэрэгжүүлснээр хотын гүүрэн гарцуудын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төмөр замын хаалттай гарам дээрх ослыг бууруулах, тухайн төлөвлөж буй төмөр зам доорх гарцуудын уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хүртэл хувиар сайжруулж, гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувь буурахаар байгаа.

Үүнээс гадна Монгол урлагийн их өв соёлоо түгээх, эрүүл чийрэг спортлог залуу үе, ирээдүйгээ бэлтгэх зорилгоор томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр хятадын талтай тохиролцож, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын төсөл болон  Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор”-ын ТЭЗҮ боловсруулах баримт бичигт хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурлаа.

Түүнчлэн энэ айлчлалын үеэр цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх чиглэлээр хамтарсан сургалт, судалгаа явуулах, төсөл хэрэгжүүлэх, элсний нүүдлийг сааруулах технологийг хамтран боловсруулах, хамтарсан судалгааны төв байгуулахаар тохиролцсоноос гадна бэлчээрийн доройтлыг бууруулах үйл ажиллагаанд нутгийн иргэд, малчдын оролцоог дэмжихээр болов.

Ой мод нь дэлхийн хамгийн бүтээмжтэй экосистем бөгөөд биологийн олон янз байдлыг хүлээн авахаас гадна нүүрстөрөгчийг үйлдвэрлэгч юм. Ойролцоогоор дэлхийн хүн амын гуравны нэгийн амьжиргаа, аюулгүй байдал, орлого нь ой мод, ойн аж ахуйд суурилсан эдийн засгаас хамааралтай байна. Иймээс ч ойг тойрсон асуудал нэг улсын бус дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний томоохон хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн нь бусад улс, олон улсын байгууллагатай энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээнд Ойн түншлэлийн тухай Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төслийн хэлэлцээг Гадаад харилцааны яам ахалж ажиллалаа. Олон удаагийн яриа хэлэлцээ хийсний үр дүнд энэ оны 11 дүгээр сард уг баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар гарын үсэг зурсан.

Ингэснээр Монгол Улсад ой модыг хамгаалах, нөхөн сэргээх, ойн хамгаалалт бүсийн менежментийг сайжруулах, зохистой ашиглалтыг дэмжих, ой, модон бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрийг дэмжих, ажлын байр бий болгох, байгалийн ойн доройтлын жилийн хэмжээг бууруулах, малын бэлчээрийн даацыг зохистой хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЯПОН УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛД ЗОРИУЛАН ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 2 ТЭРБУМ ИЕНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ СОЛИЛЦОХ ЗАХИДАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Энэ онд байгуулсан гэрээ, хэлэлцээр дотроос иргэдийн амьдралд ашиг тусаа өгөх бичиг баримт гэвэл юуг нэрлэх вэ?

Бусад улстай байгуулж буй аливаа баримт бичиг иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Шууд нөлөөлөх баримт бичгийн тухайд иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийг нэрлэж болно. Энэ чиглэлд Узбекстан Улстай байгуулсан хэлэлцээрийн дагуу монгол иргэд 30 хүртэл хоног визгүй зорчих бол энгийн паспорт эзэмшигч монгол иргэдийг визгүй зорчих асуудлаар хоёр талын яриа хэлэлцээг Катар, АНЭУ-тай амжилттай явуулсны эцэст төслийг эцэслэн тохиролцож, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлалын үеэр гарын үсэг зурна.

Монгол Улсын хилийн хяналт шалгалтыг сайжруулах хүрээнд гадаадын террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, террорист этгээдийн олон улсын хил дамнан зорчихтой тэмцэх зорилгоо бүхий Агаарын хилээр зорчих аялагчдын урьдчилсан мэдээллийн программын тусгай зөвшөөрлийг НҮБ-аас үнэ төлбөргүй авч, ашиглах тухай баримт бичгийг энэ онд байгууллаа. Байгуулснаар агаарын хилээр зорчигчдын мэдээллийг урьдчилан авч, түүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг түүнийг онгоцонд суухаас өмнө шалгах боломжтой болохоос гадна манай улс өмнө APIS программыг хувийн компаниас сар бүрийн 6000 ам.долларын төлбөртэйгөөр хэрэглэдэг байсныг болиулж байгаа.

Хөрш улсуудад цар тахлын хязгаарлалт үргэлжилж байгаа боловч хилийн боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн явуулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж, хэвлэлээр тухай бүр мэдээлэл гаргаж байсныг санаж байна. Өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?

Цар тахлын үед хил боомтын нөхцөл байдал хүндэрч, манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт тасалдаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурах тохиолдол цөөнгүй байсан. Тухай бүр дипломат шугамаар хятадын талтай харилцаж, хилийн боомтыг хаахгүй ажиллах, ачаа тээврийн хөдөлгөөнийг  нэмэгдүүлж, хэвийн явуулах асуудлаар маш олон удаагийн яриа хэлэлцээ явуулсан. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалаар улс төр, эдийн засгийн харилцаанаас гадна хилийн боомтод тулгарч буй хүндрэл бэрхшээлийг түлхүү ярилцсаны үр дүнд улс хоорондын экспорт-импортын тээвэрлэлт зогсолтгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг онцолмоор байна.

Тухайлбал, Монгол, Хятадын Гадаад харилцааны яам хооронд цар тахлын асуудлыг хэлэлцэх түр механизм байгуулж, хэд хэдэн удаа цахимаар хуралдсан, “Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам”-ыг тохиролцож, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлснээр хятадын талд гацсан бараа материалыг татах, монголын талаас экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан.

Хил, боомтын өнөөгийн нөхцөл байдлын хувьд ярихад Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд 17 боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Үүнээс шинээр байгуулах төмөр замын 3, авто замын 1 боомт нээж ажиллах нөхцөл бүрдээгүй, бүтээн байгуулалтын шатанд байна. Үлдсэн 13 боомтоос түр ажиллагаатай, улирлын чанартай авто замын 3 боомт, байнгын ажиллагаатай авто замын 9 боомт, төмөр замын 1 боомт талуудын тохиролцсон цагийн хуваарийн дагуу нээлттэй ажиллах ёстой. Эдгээрээс өнөөгийн байдлаар байнгын ажиллагаатай авто замын 8 боомт, төмөр замын 1 боомтын ачаа тээврийн хөдөлгөөн зохих түвшинд амжилттай явж байна. Гадаад харилцааны яамнаас хятадын талын орон нутгийн захиргаа, төв Засгийн газрын холбогдох байгууллагуудтай тогтмол харилцаж, хилийн боомтуудын онцлогт тохирсон ачаа тээврийн дэглэмийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, авто замын Замын-Үүд, Ханги боомтод хилийн дундын бүсэд чингэлэг солилцох, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод жолооч нар урьдчилж хятадын талд ПСР шинжилгээ өгч, хил нэвтрэх, Булган боомтод толгой-чиргүүл солих гэх мэт харилцан адилгүй тээврийн дэглэм мөрдөж байна. Цаашид цар тахалгүй буюу хэвийн үеийн тээврийн дэглэмд шилжих саналыг хятадын талд тогтмол тавьж байгаа хэдий ч тус улсын дотоодын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ойрын хугацаанд чөлөөтэй тээвэрлэлт хийх нөхцөл хараахан бүрдэхгүй бололтой. Гэхдээ 2022 оны сүүлийн хагас жилд хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоон мэдээнээс харахад Монгол, Хятадын дийлэнх боомтын ачаа, барааны эргэлт эрүүл хэвийн үеийн үзүүлэлтэд хүрсэн.

 

Иргэдээс Монгол, Хятадын хил хэзээ нээгдэж, иргэд зорчиж эхлэх вэ гэсэн асуулт ихээр ирж байна. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН 66, 67 ДУГААР ТОГТООЛЫН ДАГУУ ДОТООДЫН БҮХ ЦАР ТАХЛЫН ДЭГЛЭМИЙГ ЦУЦАЛСАН ДАРУЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ХЯТАДЫН ТАЛД АЛБАН ЁСООР ХАНДАЖ, ХОЁР УЛСЫН ХИЛИЙН БҮХ БООМТООР ИРГЭД ХАРИЛЦАН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХ САНАЛ ТАВЬСАН.

Өнөөгийн байдлаар хятадын талаас бичгээр хариу ирээгүй байна. Гэхдээ БНХАУ-ын дотоод нөхцөл байдлыг харахад хатуу хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулах арга хэмжээ авч, чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлэх бодлого баримталж эхэлсэн. БНХАУ-ын коронавирусын халдвар хурдацтай тархаж, сүргийн дархлаа тогтох хүртэл багагүй хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Хятадын эрдэмтэд тус улсын дотоодын коронавирусын халдвар 2023 оны 1, 2 сард оргил үедээ хүрч, 3 дугаар сараас аажмаар буурах тооцоолол гаргасан байна. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын халдварыг “В” төрлийн вирусээр үүсгэгдсэн ханиад ангилалд оруулж буйгаа зарласан тул цаашид БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг шат дараатай эхлүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

БНХАУ-ын хувьд хуурай газраар 14 улстай хиллэж, төмөр замын 22, авто замын 82 боомттой. Гэхдээ эдгээр боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн хаалттай байгааг бид бодолцох хэрэгтэй байна. Цаашид хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, аль болох хурдан шийдвэрлэхийг зорьж байна.

Таны ярьснаас тодруулах зүйл байна. Монгол, Хятадын хилд шинээр байгуулах төмөр замын 3 боомтыг хэлэлцээрийн дагуу тохиролцсон гэж ойлголоо. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хил холболтын төмөр замын асуудлыг айлчлалын үеэр тохиролцсон талаар багагүй мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

Монгол, Хятадын хилийн боомтын харилцааг зохицуулж буй суурь баримт бичиг бол Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай 2004 оны хэлэлцээр байдаг. Тодруулбал хоёр талын хил, боомтын талаар баримтлах хууль гэж ойлгож болно. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд шинээр Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомт байгуулахаар тохиролцсон.

Хоёр улсын хилийн боомтыг нэршлээс харахад монголын талын боомтын нэр, хятадын талын боомтын нэрийг хамтад нь бичдэг. Хилийн шугамын хоёр талд оршиж буй зэргэлдээ боомт хооронд барих хил дамнасан төмөр замын асуудлыг Засгийн газар хоорондын тусгайлсан гэрээгээр тохиролцох зохицуулалтын дагуу 2022 онд дээрх 3 төмөр замын боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг буюу солбицлыг тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хилийн төмөр замыг холбох техникийн нөхцөлийн талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Эдгээр гэрээ, хэлэлцээр байгуулснаар талуудын төмөр замын суурь бүтэц эзэмшигч аж ахуйн нэгжүүд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлаар хамтран ажиллах, яриа хэлэлцээ явуулах суурь эрх зүйн үндэс бүрддэг гэж ойлгож болно.

Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд Монгол, Хятадын хооронд зөвхөн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомт буюу ганцхан гарцаар төмөр замын тээвэрлэлт явж ирснийг бид бүхэн мэднэ. Шинээр 3 төмөр замын гарц буюу боомт нээж, хилийн төмөр замыг аль болох хурдан холбох нь тасралтгүй өсөн нэмэгдэж буй төмөр замын тээврийн эрэлт хэрэгцээг хангах, гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх зэрэг олон талын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн саад бэрхшээлгүй авто зам, төмөр замын зогсолтгүй тээвэрлэлт нь эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах гол хүчин зүйл бөгөөд аль болох их хэмжээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэснээр улс орны эдийн засаг сайжирч, өсөн нэмэгдэх суурь нөхцөл бүрдэнэ. Цаашилбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах, иргэдийн ашиг орлого нэмэгдэх, төсвийн орлого бүрдэх зэрэг эдийн засгийн олон үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02