Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.
Энэхүү түүхэн үйл явдлыг УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-нд энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.