"Цэцээ гүн" рүү алхаад буцаж явсан хоёр иргэн төөрч, улмаар биеийн байдал муудан замдаа нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ 01 сарын 01-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхаад буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна. Тухайн 2 иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн 2 иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай 1 сарын 02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд иргэн О /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.