Вакцин андуурч тарьсан Сүхбаатар аймгийн ЭМТ-ийн эмч нарыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт ханджээ


 Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн хэрэг гарсан. Энэ талаар эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхныхаа мэдээллийг таатай биш үйл явдлын талаар хүргэж байгаадаа хүлцэл өчье. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны орой сайдын албаа хүлээн авч яамны удирдлагуудтай уулзахад өдөр 13:00 цагт ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойд хазуулсан нэр бүхий есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин тарьсан талаарх мэдээлэл ирснийг дуулгасан. Энэ хэрэг нэг өдөр гарсан биш. Мөн бүгд нэг нохойд хазуулсан ч биш. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд есөн хүн долоон нохойд хазуулсан. Нохойд хазуулсан хүнд галзуугийн эсрэг вакциныг гурван удаа тарих эрүүл мэндийн зааварчилгаатай. Гэтэл нохойд хазуулсан гэх есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна.  Эдгээр иргэдийн гуравт нь гурван удаагийн хатгалтаар сүрьеэгийн эсрэг вакциныг тарьсан нь нэг хүнд хийх ёстой тун хэмжээг 30 дахин, дөрвөн иргэнд хоёр удаа хийхдээ 20 дахин өсгөсөн тунгаар, нэг удаа тариулсан иргэнд хийвэл зохих тунг 10 дахин өсгөсөн хэмжээгээр хийсэн байна. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэхүйц ийм хэрэг гарсанд харамсаж ард түмнээсээ уучлал хүсэж байна” гээд уг асуудлаар ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өгсөн. 

ЭМЯ-наас мэргэжлийн баг Сүхбаатар аймагт ажиллуулж нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа болон тэдний эрүүл мэндэд гарч буй сөрөг нөлөөг тогтоохоос гадна уг вакциныг ямар газраас хүлээж авсан талаарх мэдээллийг шалгаж тогтоох ажлыг хийж байгаа юм. 

Ном журмаараа бүх төрлийн вакциныг хийхийн өмнө тухайн иргэнд хаана үйлдвэрлэсэн ямар төрлийн вакцин тарих гэж байгааг болон вакцины хүчинтэй хугацааны тухай мэдээллийг тодорхой өгөх дүрэмтэй. Энэ дүрэм зөрчигдсөн эсэхийг ч тогтоох юм. Мөн эрүүл мэндийн байгууллага дээр ийм хэрэг гарсан нь ажил хариуцаж буй хүмүүс албан тушаалдаа хариуцлагагүй хандсантай холбоотой юу гэдгийг шалгаж, дүгнэлт гаргана гэдгийг ч сайд хэлсэн. 

Тэрбээр мөн Сүхбаатар аймгийн Засаг даргатай утсаар холбогдож, ЭМГ-ын дарга болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэн ажлаас нь яаралтай чөлөөлөх чиглэл өгч, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудыг  шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байна. 

С.Чинзориг сайд вакцин андуурагдаж тариулсан иргэдтэй холбоотойгоор “Нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцин хийх байтал сүрьеэгийн вакцин хийсэн учраас сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр байна. Нөгөө талдаа нохойд хазуулсан хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийгдээгүй учраас энэ төрлийн өвчлөл гарах магадлал байгаа. Хамгийн богинодоо хоёр сар, дээд талд нь хоёр сар хагасын хугацаанд хариу гардаг юм байна. 

Хоёр төрлийн вакциныг андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа гарсан учраас тухайн иргэдийг сүрьеэгээр өвчлүүлэхгүйгээр Монголд бүрэн эмчлэх боломжтой гэсэн баталгааг эрүүл мэндийн байгууллага өгч чадахгүй ч энэ төрлийн вакцины хүчийг сааруулах, сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх эм, тарианы нөөц хангалттай гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлага хэлж байгаа. Дээрх есөн иргэнийг ойрын хугацаанд Улаанбаатарт авчирч, оношлогоо эмчилгээг хийхээс гадна Монголдоо эмчилж чадахгүй бол зардлыг нь Засгийн газрын нөөцөөс шийдүүлж, гадаад оронд эмчлүүлэхээс өөр аргагүй”  гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02