УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.12.09/ хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг Засгийн газрын гишүүнээр томилосон учраас чөлөөлж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг бүлгийн дэд даргаар сонголоо. Дараа нь Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар томилогдсон. Иймд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг байнгын хорооны даргад нэр дэвшүүллээ. Мөн Оффтейк гэрээгээр байгуулсан Зүүнбаян, Гашуунсухайт, Богдхан төмөр замуудын ажлын явц, санхүүжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод гурван чиглэл өгөв. Үүнд: Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах, Төмөр замуудын холболтуудыг шуурхай дуусгах, Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учраас үйл ажиллагааг түр зогсоож, үнэ бууруулах чиглэл өглөө.