Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дахь дарамт, ажил, албан тушаалын хариуцлагагүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн Б.Баяраа хэлэхдээ "Төмөр замд авлига, албан тушаалын хулгайгаас гадна ажлын байрны дарамт өндөр. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дарамтад өртдөг тогтолцоог халах хэрэгтэй. ОХУ руу ч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр зөндөө албан бичиг өгсөн. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн Ерөнхий хороо Монгол,Оросын талаас тус бүр гурван гишүүнтэй. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Монголын багаа ахалдаг. Ерөнхий хороонд хяналт тавих үүрэгтэй, хөндлөнгийн гишүүнээр С.Цогтгэрэл ажилладаг. Энэ хүн төмөр замчин биш, улс төрийн хүрээний хүн тул энэ томилгоо буруу гэдгийг бид анхнаасаа хэлж, эсэргүүцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр манай ажилчдад 13 дахь сарын цалинг 200 хувиар олгох чиглэл өгсөн байна. 2022 онд УБТЗ алдагдалтай ажилласан тул ажилчдад 100 хувийн урамшуулал олгох шийдвэр гаргасан. Гэтэл үйлдвэрчний эвлэл урамшуулал нэмэх шаардлага тавихаар удирдлагууд боломжгүй, мөнгө байхгүй гэдэг мөртлөө сайд чиглэл өгөнгүүт хаанаас яаж урамшуулал өгөх үү гээд хайж байна. Улстөрчид энэ мэтээр манай байгууллагад хэт их оролцож, нөлөөлж байна" гэлээ.
Мөн үеэр МТЗ-чдын ҮЭХ-ны хуулийн зөвлөх Б.Энхтөгс хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “УБТЗ-д 2021 оноос хойш удирдах ажилтнуудын тоо 20 гаруйгаар нэмэгдлээ. Эдгээр удирдах ажилтнуудын цалин хөлс, хангамж, өрөө тасалгааны тохижилтод эдийн засгийн хямрал үнийн өсөлтийн үед зардал нэмэгдүүлсээр байна. Ажлын хүндийг нугалдаг ажилтнуудаас илүү Удирдах газрын орон тоо данхайж байгаагийн улмаас жирийн ажилтнууд салбар нэгжийн ажилтнуудын ажлын ачаалал зохиомлоор нэмэгдэж байна. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд ялангуяа удирдах ажилтнуудын хувьд ил тод нээлттэй шударга зохион байгуулах шаардлагатай байна” хэмээв.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Авлига, албан тушаалын гэмт хэргийн тухай Улаанбаатар өртөөний ҮЭ-ийн хорооны дарга А.Болормаа “Сүүлийн үед УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба, түүний харьяа тулгуур 10 өртөө, 2 анги, нийт 3000 төмөр замчдын нэр хүнд, урам зоригийг гутаасан үйлдэл болсон. Уг албаны орлогч дарга Б нь энэхүү авлигын гэмт хэргийг ганцаар үйлдээгүй, босоо удирдлагатай төмөр замын хувьд дээд шатны албан тушаалтнууд шууд холбоотой. Иймд эдгээр албан тушаалтнууд уг гэмт хэрэгт буруутай эсэхийг нарийн тогтоож, шалгуулах шаардлагатай байна" гэлээ.
Авилга албан тушаалын хэргээс болж төмөр замчдын нэр хүнд унаж байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийг хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэмээн онцолж байв.