"Утсаараа нэг яриулаач" хэмээн гуйж, тусгай программ суулган 350 гаруй сая төгрөг залилсан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал М, Г, М нар дээрх байдлаар тусламж хүсэж, тусгай программ ашиглан иргэдийн интернет банканд хууль бусаар нэвтэрч дансанд байгаа мөнгийг хулгайлах, хадгаламж барьцаалан зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулж байсныг тогтоожээ. Улмаар дээрх этгээдүүдийг баривчилж, прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн иргэн М, Г, М нь худалдааны төвүүдэд борлуулж буй гар утсануудад тус программыг суулган худалдан борлуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд шинээр гар утас худалдан авч байгаа тохиолдолд бүтэн шинэчлэл хийж, өмнөх мэдээллийг устгаж байж хэрэглэх, үл таних хүнд өөрийн гар утсаа өгч ашиглуулахгүй байх зэргээр өөрийн цахим аюулгүй байдлаа хангаж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.