Улс орон даяар өнөөдөр /2023.02.06/ 09:00 цагт 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 34117 сурагч төгсөнө. Тэдний 54 хувь буюу 18334 нь орон нутагт, 46 хувь буюу 15783 нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг төгсөнө.
Өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлбэл нийтдээ 40 мянга орчим шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэх болов уу гэсэн урьдчилсан тооцоолол хийсэн.
Мөн энэ жилээс эхлээд элсэлтийн ерөнхий шалгалтад блокчэйн технологийг нэвтрүүлсэн. Шалгуулагчийн дүн оноог ямар газар авч ашигласан болох нь системд бүртгэгдэнэ, шалгуулагчаас өөр хүн нэвтрэх боломжгүй.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог олон улсын шалгалтын дүн оноотой дүйцүүлэх журам өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнийг илүү сайжруулахаар ажиллаж байна.
Монгол хэлбичгийн шалгалтыг жилд хоёр удаа буюу дөрөв, арванхоёрдугаар сард авдаг байх зохицуулалтыг хийснийг та бүхэн мэдэж байгаа.
Монгол хэл бичгийн шалгалт үнэ төлбөргүй бол бусад хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна. Нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг гэж ойлгох хэрэгтэй.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бол бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтыг Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Үүнд, өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт зэрэг багтана.
Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ” гэлээ.
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг оруулна. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.