Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр товлогдсон байна. Тус хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэж, “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцах юм байна.
УДШ АН-ын даргаар хэнийг бүртгэх вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа бол зарим эх сурвалжуудын үзэж буйгаар дотоод маргаантай гэх үндэслэлээр хэнийг нь ч бүртгэхгүй байх өндөр магадлалтай хэмээж байна.
Өмнө нь тус нам мөн л хоёр талд хуралдаж, О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг АН-ын даргаар бүртгүүлэхээр хүргүүлж байсан ч Дээд шүүх татгалзсан шийдвэр гаргаж байсан билээ.