НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.
Манай улс энэ баярын 2003 оноос эхлэн тэмдэглэдэг болсон. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 30 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг тэмдэглэж эхлээд 20 жил болжээ.
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гэрлэх ёслолын ордонтой хамтран хоёр дахь жилдээ “Дурсамж” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 60 хос хуримаа хийсэн бол энэ жил 46 залуу хос хуримласан юм. Мөн энэ өдөр нийслэлийн онцлох гэр бүлийг “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Спортлог”, “Эко” гэсэн таван номинациар шалгаруулав.
Хуримаа хийсэн олон залуучууд дундаас Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Б.Ихбаярыг онцолж байна. Тэрээр хэлэхдээ, “Би онцгой байдлын байгууллагад 2018 оноос хойш ажиллаж байна. Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад дөрвөн жил болсон. Хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахааргүй сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлагууд болоод Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.