Тэсгим хүйтэн тайгаас замхран арилж буй соёлоос үлдсэн эд агуурс mүүний музейд бий. Бэлэн мөнгө, хэлний шинэ хичээлийг нэвтрүүлснээр духачуудын амьдралын хэв маягийг аварч чадах уу?
-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно. @Global Press Journal-
МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ, ЦАГААННУУР СУМ — Цаатан иргэдийн нутаг тайгын цаст өндөр уулын ойд духа гэр бүл цаа бугуудыг бэлчээхээр хоёр хоёроор нь холбон уяж байна. 70 настай Дэлгэрийн Өвөгдорж духа хүн боловч хүүхдүүдтэйгээ монгол хэлээр ярьж, зааварчлах аж. Түүнээс яагаад духа хэлээр ярихгүй байгааг нь асуухад залуус хэлээ мартаж, түүний үеийн хэдэн хөгшчүүл л ярих болсон тухай санаа алдан хэллээ.
Монгол Улсад үлдсэн сүүлийн цаатан иргэд бол духа хүмүүс юм. Духа айл өрхүүд тайгын гүнд өвөл Цельсийн хасах 53 хэм, зундаа нэмэх 23 хэмээс хэтрэхгүй буюу Фаренгейтийн хасах 63 хэмээс нэмэх 73 хэмийн уур амьсгалд амьдардаг. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын бүс нутгуудад оршин суудаг тува үндэстэнтэй түүхэн холбоотой боловч Цагааннуур суман дахь 427 духа иргэн өөрсдийн гэсэн зан заншилтай, тува хэлний өвөрмөц аялгаар ярьдаг аж.
Тайгын онгон дагшин байгаль, цаа бугын ховор аж ахуйг сонирхсон цөөн жуулчид зуны цагт зөвхөн мориор явах боломжтой бартаатай замаар явж энд ирдэг. Тэд цаа үзэж, урц буудалд хонож, цааны эврээр хийсэн гар урлалын зүйлс худалдаж авдаг.
Жуулчид аяллын дурсамж тээн харьдаг байж болох ч духа хүмүүсийн амьдралд тохиолдож буй газар нутаг, хэл, соёлоо алдах бодит аюулыг үл хайхарч байна.
Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ нь духа хүмүүсийн үе дамжсан газар нутгийг өргөн хэмжээнд хамарч байгаагаас тэд тайгыг орхин Монголын нийгмийн амьдралд уусах явдал нэмэгдэж, духа соёл удахгүй хэдхэн үеийн дараа устаж үгүй болох аюулд оржээ. “Одоо урцан гэр маань л үлдлээ, цаа маань л үлдлээ” гэж Д.Өвөгдорж хэллээ. 2022 оны 11-р сарын 8. Зүүн гар талаас 70 настай Дэлгэрийн Өвөгдорж зээ хүү, 15 настай Оргилбаярын Анхбаяр болон садангийн хүүхэд, 3 настай Батсүхийн Баттүвшингийн хамт Монгол Улс, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн тайгад цаа бугаа хашиж байна.
Харин нэгэн духа эмэгтэй өөрийн соёлыг сэргээж, хөгжүүлэх зорилгын төлөө зүтгэж байна. Төрөөс ямар нэгэн дэмжлэг авалгүйгээр Содовын Өлзийсайхан Монгол дахь духачуудын түүх, хэл, уламжлалыг хадгалан, сурталчлах зорилготой цорын ганц албан ёсны санаачилга болсон музейг ажиллуулдаг.
‘ӨНДӨР НАСТНУУД АМБААРААСАА ОЛСОН ЭД ЗҮЙЛСЭЭ АВЧИРСАН’
Хөвсгөл аймгийн тайгад хамгийн ойр Цагааннуур суманд тэрээр “Духа соёл хөгжлийн төв”-ийн хоёр давхар дүнзэн байшинг өөрийн эзэмшлийн газарт барьсан байна. Мөнх цаст оргил нь цайвалзан цайрах уулсаар хүрээлэгдсэн уг нутгийн тэрхүү төвийн доод давхарт тусгай номын сан байх ба дээд давхрын хэсэгт С.Өлзийсайханы хүсэлтээр цаатан айлуудын хандивласан эд өлгийн зүйлс болох үндэсний дээл, цааны эвэр, арьсаар хийсэн гар урлалын зүйлс, хусан ба модон сав, суулга, суран эд зүйлсийг шилэн хоргонд дэлгэжээ.
“Төвийн барилга баригдаж дуусах үед би музей дээрээ тавих юм хэрэгтэй байна гээд ард иргэдэд ярьсан” гэж С.Өлзийсайхан хэллээ. Тэгээд, “Өндөр настай улсууд амбаараа ухаж байхад нь гарч ирсэн ийм юм хог руу хаях гэснээ болилоо гээд л авчирч өгдөг” гэсэн юм.
Тэрээр нүүдэлчин амьдралаар амьдарч байсны ул мөр болсон шалмаг хөдөлгөөнтэй ба аливааг эргэцүүлж, ажил болгохыг эрмэлздэг эрч хүч түүнээс мэдрэгдэнэ. С.Өлзийсайхан эмээ болох буурал ээжийнхээ тухай дурсахдаа бахархал дүүрэн өнгө аясаар “[Тэр] түүх соёлоо нандигнаж дээдэлдэг, монголоор ердөө ярьдаггүй, тулган дээр ил галтай байсан сүүлчийн хүн байсан” гэлээ.
С.Өлзийсайханы дараагийн томоохон төлөвлөгөө нь духа хэлээр нэвтрүүлэг цацдаг ФМ радио станцаа ажиллуулах юм. Гэвч тогтмол үйл ажиллагаа явуулахын тулд түүнд санхүүжилтийн асуудлыг шийдэх шаардлага тулгараад байна. Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас музейн барилгад нь олгосон санхүүжилт бол засгийн газраас түүний авсан ганц дэмжлэг юм. Жуулчдын хандив энэхүү төвийн орлогын ганц эх үүсвэр болдог ба халаалт гэх мэт үндсэн засвар үйлчилгээний зардлыг төлөхөд хангалтгүй байдаг. Барилгын хувьд халаалтын шугамгүй тул өвөл хаалгаа барьдаг ба цуглуулсан эд зүйлс нь галд тэсвэргүй учраас гал түлж болдоггүй байна.
Коронавирусын цар тахлын үед жуулчдын хөл тасарсан тул С.Өлзийсайхан орлогогүй болжээ. Тэрээр цалинтай байхын тулд орон нутгийн сонгуульд өрсөлдөн ялж, багын даргаар сонгогдов. Харин өөрийн бүтээсэн эд агуурсын сангаар мөнгө олох нь түүний зорилго байсангүй. “Хүнд, сэтгэхүйд нь, духа хүмүүс ийм байж гэдэг танин мэдэхүйг нь нэг шат ч гэсэн ахиулж чадахгүйгээр, ийм юмнуудыг дэлгүүрийн бараа шиг үзүүлээд надад өөрт тийм ч таатай санагддаггүй” гэв.
‘ЗАН ЗАНШИЛ ГЭЭГДСЭЭР БАЙНА’
С.Өлзийсайхан болон зарим духа ахмадууд нөхцөл байдал огцом доройтож эхэлсэн нь 1990-ээд оны эхээр социализмаас татгалзаж, нийгмийн шилжилт хийсэнтэй холбон тайлбарлаж байна.
Социалист нийгмийн үед духа иргэд цаагаа нэгдэлд нийгэмчилж, загас, ан агнуурын аж ахуйд ажиллаж, тогтмол цалин авч байсан. 1990 оноос хойш цалин орлого огт байхгүй болж, тэд олноороо тайга руу эргэн явж, ан хийх болжээ. Зарим нь өөрсдийн цаагаа нядлан идэж, эврийг нь зарахаас өөр аргагүйд хүрч байсан бөгөөд олон цаа өвчилж, тоо толгой нь ч цөөрсөн аж.
“Зах зээлд маш хэцүү байлаа” хэмээн Д.Өвөгдорж хэлээд “ганц сав гурил олохын төлөө бугын эвэр бэдэрч яваад заримдаа хоосон ирэх үе ч байсан” гэж байв. с 70 настай Дэлгэрийн Өвөгдорж
Хүнд хүчир цаг ард хоцорсон боловч ахмад настнуудын хувьд аж байдал өдгөө амаргүй байна. Залуу духа гэр бүлүүд хүүхдүүд нь сургуулийн насанд хүрмэгц хөгшчүүлээ тайгад үлдээж, хот суурин газар бараадан явах болов. Эцэст нь тайгад амьдрах суух духа иргэд улам цөөрч байна.
Мөн байгаль орчны албаныхан тайгын газар нутгийг хамгаалалтад авсан тул зөрчилдөөнтэй байдал бий болсон. Монгол орон дахь духа иргэдийн эртнээс нүүдэллэж ирсэн газар нутгийн 90 хувийг эртний мөстлөгийн том төв, ховордсон ургамал, ан амьтныг хамгаалж буй хатуу чанга хуулийн хүрээнд хамгаалалтад авсан. 288,000 га (711,600 гаруй акр) газрыг цаатнуудад зориулж чөлөөлсөн боловч агнах ангүй, цааны соргог бэлчээр даган, 14 хоног тутамд нүүдэллэдэг заншлаар буурь сэлгэх газар үгүй болжээ.
Харин Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүх хэлэхдээ “Энд бараг Европ тивийн нэг улс гүрний хэмжээний газрууд, 2,000 цаа, 300 хүн амьдрах битгий хэл, том газар байгаа” гэв. Түүний хувьд газар нутгийг хамгаалалтад авснаар уул уурхайн олборлолт, ан агнуурын хууль бус үйлдлүүдийг зогсоосон гэж үзэж байна. Тусгай хамгаалалтад авах шийдвэрт цаатнууд дургүй байгаа нь тэд зөвшөөрөлгүй, дураараа ан агнах боломжгүй болсонтой холбоотойг тэрээр хэлж байв. “Одоо тусгай хамгаалалттай болчихоод цаатнууд мах нэг их идэхгүй, гурав, дөрөвхөн махтай, гурил ихтэй шөл иддэг. Цагаан гурилын хэрэглээ маш их өндөр байдаг” гэж С.Өлзийсайхан хэллээ.
ӨӨРЧЛӨЛТҮҮД НЭМЭР БОЛЖ БАЙГАА Ч ХИЙХ АЖИЛ БАЙСААР БАЙНА
Монгол Улсын ерөнхийлөгч энэхүү нутагт анх удаа ирснээс хойш нэг жилийн дараа буюу 2013 онд тайгад амьдарч, цаа маллаж буй насанд хүрсэн иргэнд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, 18 хүртэлх насны цаатан хүүхдэд үүний 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зарлиг гарсан. Тэтгэмжийн хэмжээ одоогоор 240,400 төгрөг (70 ам.доллар) бөгөөд 382 цаатан хамрагдаж байгаа ажээ. Дэлгэрийн Өвөгдорж зээ хүү, 15 настай Оргилбаярын Анхбаяр
2022 онд нэмэлт өөрчлөлтүүд гарч, Цагааннуур сумын сургуульд духа хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Дөрөв болон түүнээс дээш ангийн сурагчид долоо хоногт нэг удаа орох хэлний энэхүү хичээлийг сонгон суралцах болов. Сургуулийн нийт 560 сурагчийн 200 нь духа хүүхдүүд байгаа талаар ярилцлага хийх үед захирлын албан тушаалыг хашиж байсан Мягмарын Санжаа хэлсэн. Өнгөрсөн жил духа болон дархад нийт 98 хүүхэд хэлний сургалтад хамрагджээ.
Гэвч багш нарт шаардлага хангасан сурах бичиг дутагдалтай байна. Баян-Өлгий аймаг болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас гарын авлагууд ирсэн боловч хэл, аялга нь хоорондоо зөрүүтэй байх асуудал тулгарч байгаа аж.
С.Өлзийсайхан “1990-ээд оны эх хүртэл духачууд өөрийн хэлээр бүр чөлөөтэй ярьдаг байсан. Одоо 10 хүрэхгүй хувь нь ярьж байна” гэлээ. Засгийн газраас духа соёлын өв уламжлалыг хадгалж, хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх нь хомс байдаг тухай С.Өлзийсайхан халаглан яриад, “Төрөөс… духа хүмүүсийн үндсэн соёл нь, хоол унд нь, үнэт зүйл нь юу юм гэдгийг сайн таниулж байгаад аялал жуулчлалаа хөгжүүлсэн бол арай гайгүй байх байсан” гэв. Түүний бодлоор цаатангуудад тэтгэмж олгохдоо “духа хэлээр ярьдаг байх” гэсэн хөшүүрэг оруулвал хэрэгтэй ажээ.
Цаатнуудын соёлоо гээж байгаа тухайд тэрээр “Бүх юмнууд нь шинэчлэгдээд, уламжлалт юм нь алдагдаад л байгаа” гэж байна.
Бүх зүйл санасны зоргоор биелэхгүй байгаа боловч өөрийн төвийг “жинхэнэ музей шиг” болгоод “Дээр үеийн духа хүмүүс яаж амьдарч байсныг гайхширтал гоё үзүүлээд, харин одоо ямар амьдардаг юм гэдгийг үзүүлье гэж явдаг” хэмээн С.Өлзийсайхан хэллээ.
Өгүүллийг бичсэн: Сандагдоржийн Долгормаа, Глобал Пресс Жоурналын Монгол дах сурвалжлагч Гэрэл зургуудыг: Сандагдоржийн Долгормаа , Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч
Цэгмидийн Намуун энэхүү өгүүлийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулав.
“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн юм.