Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэхүү их хурлыг 1959 оноос Монгол Улсад таван жилд нэг удаа тогтмол зохион байгуулж эхэлжээ.
Олон улсын монголч эрдэмтдийн их хурал нь оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын цар хүрээ, тогтвортой зохион байгуулагддаг зэргээрээ дэлхийн улс орнуудад энэ чиглэлээр тэргүүлж яваа нэр хүндтэй том хурал юм.
Энэ удаагийн хурлыг “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын Монгол судлалын холбоо, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулж байна.
Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал нь Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарна. Их хурал таван салбар хуралдаантай. Үүнд:
Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд
Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе
Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз
Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа
Салбар 5. Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл
Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Энэ удаагийн их хурлын онцлог нь, Монгол судлалын залуу үеийг дэмжин “Залуу Монгол судлаач” дэд салбар хуралдааныг докторын түвшний судлаач нарын дунд зохион байгуулах бөгөөд нийт 59 залуу Монгол судлаач илтгэл тавих аж.
ЧХҮМ