“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 20.23 цагаас Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Монгол Улс тус наадмыг сарын 23 хүртэл зохион байгуулах бэлтгэлээ хангаад байна. Наадмын нээлтийн үйл ажиллагааны урьдчилсан үзлэг, сургуулилт болж, зохион байгуулагчид олон гэнэтийн бэлэг бэлтгээд байгаа аж. Зүүн Азийн залуучуудын наадам усан спорт, хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг (3х3, 5х5), хөлбөмбөг (футзал), жүдо, ширээний теннис, таеквондо, теннис, волейбол гэсэн үндсэн 10-аас гадна нэмэлт хоёр спортын төрлөөр явагдана. Нэмэлт хоёр төрлийг зохион байгуулагч улсаас санал болгох юм.
Спортын тэмцээн уралдаануудыг шинээр баригдах спортын төвөөс гадна “Буянт-Ухаа” спорт цогцолбор, Спортын төв ордон, Монголын хөлбөмбөгийн холбооны талбай, футзалын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Степпе арена, УБ палас, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх дахь хөнгөн атлетикийн талбай, МУИС-ийн спорт заал, Баянгол дүүргийн спортын ордон зэрэг газарт явуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлт болон тэмцээний тасалбарыг TICKET.MN веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Сайн дурын 1000 гаруй хүн ажиллана. Нээлтэд 400 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд наадмыг боксын тэмцээнээр эхлүүлнэ.
Наадмын бэлгэдэл болох Хаки нь хангарьд, Инга нь галбингаа шувуу юм. Жендерийн эрх тэгш байдлыг хүндэтгэн энэ хоёр шувууг "Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын Наадмын бэлгэдэл болгон сонгожээ.